Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Тус хуульд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмэхээр тусгажээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар зохицуулжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар уг төслийг хэлэлцэж төсөл санаачлагчийн гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэсэн юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюундарь асуулт асууж тодруулсны дараа Байнгын хороо дэмжсэн, төсөл санаачлагчийн гаргасан онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг ирэх оны нэгдүгээр сараас дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулах саналыг гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжиж баталлаа.