АНУ-ын ЭСЯ-ны дэргэд номын сан барина

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сард АНУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бөгөөд одоо байрлаж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн газрыг УИХ-ын 2015 оны 90 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Харин тус Элчин сайдын яамнаас уг тусгай хэрэгцээний газрын талбайн хэмжээг багасгаж, илүү гарсан газрыг улсын тусгай  хэрэгцээнээс гаргаж БСШУСЯ-ны мэдэлд шилжүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Тус газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар номын сангийн барилга барих аж.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх асуудлыг Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг  хэлэлцэж, зарчмын  зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргажээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж уг тогтоолын төсөл батлагдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.195.81)