Дүрдээ орохын тулд өөрийгөө ТУЛТАЛ ӨӨРЧИЛДӨГ жүжигчин Christian Bale

Бүтээж буй дүрээ сайтар гаргахын тулд дүрдээ бүрэн хувирч, жингээ огцом хасах эсвэл нэмж чаддаг жүжигчид тийм ч олон байдаггүй л болов уу. Киноны махлаг, илүүдэл жинтэй хүний дүрийг гаргахын тулд ихэнх жүжигчид биедээ маск болон бусад шаардлагатай материалуудыг зүүдэг. Тэгвэл бид бүхний Batman-ий дүрээр нь сайн мэдэх жүжигчин Christian Bale бүтээж буй дүрдээ орохын тулд биеийн галбир, жингээ тоо томшгүй олон удаа өөрчилж байсан чадварлаг нэгэн. Ингээд тэрээр карьерынхаа туршид тоглосон дүрүүддээ хэрхэн хувирч байсныг харцгаая. 

"AMERICAN PSYCHO" (2000)

Сэтгэл зүйн триллер төрлийн бүтээл болох "American Psycho" кинонд Bale аймшигт дүр төрхөө чинээлэг бизнесмен нэрээр халхалсан Patrick гэх залуугийн дүрийг бүтээдэг. Patrick өөрийн дүр төрх, гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг нэгэн бөгөөд хохирогчдыг хөнөөж байхдаа ч өөрийгөө сайхан харагдуулахын тулд чадах бүхнээ хийдэг.

Bale өөрийн бие галбиртаа сэтгэл ханамжтай байгаа залуугийн дүрийг гаргахын тулд хоолны дэглэм барьж, гар болон гэдэсний булчингаа сайтар хөгжүүлжээ. Тэрээр кинонд тоглохдоо 26 настай байсан бөгөөд "The Guardian" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Дасгал сургуулилт миний амьдралыг аварсан” гэж хэлж байсан удаатай. Энэ дүрд тоглосноосоо хойш тэрээр биеийн тамирын дасгал, хоолны дэглэмд дурлаж эхэлжээ.

Мөн та бүхэнд сонирхуулан хэлэхэд тэрбээр хурц, сайхан инээмсэглэлийг гаргахын тулд шүд хоорондын зайгаа нөхүүлэх эмчилгээ хийлгэсэн байна.

"THE MACHINIST" (2004)

Ингээд гоё, сайхан биетэй залуугийн дүрд тоглосноос дөрвөн жилийн дараа буюу 2004 онд олон нийтийн хүртээл болсон "The Machinist" кинонд нойргүйдэх өвчтэй, өөрөө өөртэйгөө ярьдаг, тураалтай залуугийн дүрийг бүтээсэн. 

Bale дүрдээ орохын тулд ойролцоогоор 27 килограмм жин хассан гэдэг. 

"BATMAN BEGINS" (2005)

Жүжигчин залуу маань "The Machinist" киноны зураг авалтаа дуусгаад удалгүй алдарт найруулагч Christopher Nolan-ий "Batman Begins" кинонд дүр бүтээхээр болжээ. Энэ нь түүний Batman-ий дүрд тоглох гурвалсан бүтээлийн эхний анги байсан юм. Тэрээр 2003 оны долдугаар сард "The Machinist" киноны зураг авалтаа дуусган, 2004 оны хоёрдугаар сард Batman-ий дүрд тоглохын тулд жингээ хагас жил гаруй хугацаанд огцом нэмэх шаардлагатай болжээ. Тэрээр энэ хугацаанд 45,3 килограмм жин нэмсэн гэдэг.

"RESCUE DAWN" (2006)

Үүний дараа Bale бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн “Rescue Dawn” кинонд тоглосон байдаг. Тэрээр уг кинонд Вьетнамын дайны үеэр гэрлүүгээ харих замаа олохоор тэмцэж буй Вьетнам гаралтай АНУ-ын нисгэгчийн дүрийг бүтээдэг. Та бүхэн энэ эр хэчнээн урт замыг туулж, хэчнээн их ядарч сульдсан гэдгийг дээрх зургаас харж байгаа байх. 

Саяхан л айхтар булчинлаг Batman-ий дүрийг бүтээсэн тэрээр ахиад л жингээ хасах шаардлагатай болох нь тэр. 2007 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр: 

- "Энэ кинонд тоглохын тулд жингээ хасах нь "The Machinist" кинонд тоглохын тулд жингээ хасахтай харьцуулахад тийм ч хэцүү биш байсан. Бараг л жингээ хасаагүй мэт мэдрэмж төрсөн. "The Machinist" кинонд тоглохын тулд оюун ухаандаа тухайн нөхцөл байдлыг даван туулахыг хичээсэн. Гэхдээ дахин ийм зүйл хийхгүй" гэжээ. 

"THE DARK KNIGHT" (2008)

Christian Bale нэг кино зураг авалтаас нөгөөд шилжихдээ байнга өөрчлөгдөж байдгаас нь үзвэл түүнийг асар хөдөлмөрч жүжигчин гэж тодорхойлж болно. "Rescue Dawn" киноны зураг авалтын дараа тэрээр Batman-ий гурвалсан бүтээлийн хоёрдугаар ангид тоглохын тулд мөн л жингээ нэмж, булчингаа хөгжүүлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдсэн байв. Гэсэн ч тэрээр зорьсондоо хүрч, булчинлаг “Харанхуйн супер баатар” болон хувирч чаджээ. Тэрээр: 

- "Batman-ий хар өмсгөл болон бие махбодийн хослол надад өөрийн бодол санаагаа даван туулж, харанхуй оюун бодолтой болоход тусалсан" хэмээсэн байдаг.

"THE FIGHTER" (2010)

Ингээд дахиад л булчинлаг залуугаас өндөр, туранхай залуу руу хувирах шаардлагатай болжээ. "Daily Mail" сонинд бичсэнээр Christian Bale "The Fighter" киноны донтолттойгоо тэмцэж буй Dicky Eklund-ийн дүрд тоглохын тулд 14 килограмыг хассан байна. 

"THE DARK KNIGHT RISES" (2012)

Гурвалсан бүтээлийн сүүлийн анги болох "The Dark Knight Rises" кинонд Bale булчингаа чангалж, эцсийн удаа Bruce Wayne-ийн дүрд тоглосон юм. Тэрээр 2012 онд "Digital" сэтгүүлд өгсөн ярилцлагад өөрийн амьдралын долоон жилийг зориулсан бүтээлийнхээ талаар ярихдаа: 

- "Энэ бол үнэхээр бахархалтай мөч. Бид хийхээр төлөвлөсөн бүх зүйлээ хийж чадлаа. Энэ нь фенүүдийн маань хувьд маш чухал, үнэ цэнтэй дүр байсан. Би үүгээрээ маш их бахархаж байна. Энэхүү гурван бүтээл миний амьдралыг төдийгүй миний карьерыг өөрчилсөнд би маш их талархаж байна" хэмээжээ. 

"AMERICAN HUSTLE" (2013)

Batman-ий дүрийг бүтээснээс нэг жилийн дараа Bale "American Hustle" кинонд Irving Rosenfeld хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Ингээд 83 килограммаас 103 килограмм болтлоо жин нэмжээ. Өмнөх дүрүүдтэй харьцуулахад их гарз хохиролтой дүр байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр огцом хэт их жин нэмсэний улмаас нурууны диск нь гэмтэж, биеийн өндөр нь 7 гаруй сантиметрээр багассан байна. 

"THE BIG SHORT" (2015)

Үүнээс хоёр жилийн дараа Bale жингээ хасаж, үсний засалтаа өөрчлөн нэгэн инээдмийн кинонд дүр бүтээжээ. Түүний хувьд энэ нь мөн л амаргүй дүр байлаа. Учир нь тэрээр илүүдэл жингээ хасахын тулд бэлтгэл хийх явцдаа өвдгөө мулталсан байна. 

Киноны найруулагч Adam McKey гол дүрийн жүжигчин нь ийн бэртсэнд санаа нь зовж, орлон тоглогч тоглуулахыг санал болгосон гэдэг. Гэвч биеэ хязгаарт нь хүртэл дайчилдаг Bale үүнийг өөрөө хийхийг хүсжээ. Ингээд түүнийг зураг авалтын үлдсэн хэсэгт ямар нэгэн аюул гэмтэл авахгүйгээр киногоо дуусгахын тулд олон эмч нарыг хажуудаа байлгасан байна. 

"VICE" (2018)

Энэ нийтлэлийн эхэнд Bale хэчнээн сайхан залуу байсныг санаж байна уу? Энэхүү зурган дээрх улс төрийн зүтгэлтний дүрийг бүтээхийн тулд тэр 18 килограмм жин нэмсэн байдаг. Мөн нүүр будалтын багийнхан ч энэ төрхийг гаргахын тулд олон цагийг зарцуулсан байна. 

Бид түүнийг цаашид ямар дүрд тоглож, биднийг хэрхэн гайхшруулахыг таашгүй. Ямартай ч дүрдээ орохын тулд өөрийн бие махбодоо золиослохоос ч буцахгүй чадварлаг нэгэн гэдгийн мэдэж авлаа шүү дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)