ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын баг байгуулав
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын багийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нар багтжээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллахаар болжээ.
Тус ажлын багт сонгон шалгаруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулахыг даалгасан байна.
Байнгын хорооны дарга Х.Нямбаатарын хэлснээр, хуульд заасан есөн байгууллагаас ирүүлсэн нэрсээр ажлын багийг байгуулж буйгаа танилцуулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авах сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилуулахаар төлөвлөн ажиллах юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураасан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоол батлагдсан юм.