С.Бямбадэлгэр: Сонсголгүй хүмүүст туслах гэж оюутан байхдаа дохионы хэл сурсан

 

Оюутан байхдаа сонсголгүй найз нараасаа дохионы хэл сурч, 25 жил хэлмэрч, орчуулагч хийж буй С.Бямбадэлгэртэй ярилцлаа. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг юм. Мөн МҮОНТийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дохионы хэлний хөтлөгч билээ.

 

- Дохионы хэлийг яагаад сурах болсон юм бэ. Манай улсад социализмын үед энэ чиглэлийн мэргэжилтнийг гадаадад сургаж, бэлтгэдэг байсан юм билээ. 

-Оюутан байхдаа найзуудаараа заалган дохионы хэл сурсан. Анх оёдлын технологич мэргэжлээр сурч байхад сонсголгүй хүмүүстэй таарч, туслахсан гэсэн хүсэлтэй болсон юм. Түүнээс хойш 25 жил өнгөрчээ. Энэ хэлийг сурсан биш, сурч байгаа гэх хэлэх дуртай. Учир нь мэдэхгүй үг, хэллэг гарч ирэх тохиолдол цөөнгүй. Энэ болгонд сонсголгүй найзуудаасаа түүнийг яаж илэрхийлэх тухай зөвлөмж авдаг. Би уг нь оёдлын технологич мэргэжилтэй.

Ажлынхаа хүрээнд нягтлан бодогч болон хуулийн чиглэлээр сурсан. Одоо дохионы хэлний багшаар ажилладаг, жирийн нэг төрийн албан хаагч хүн. Хувь, хувьсгалын олон байгууллагад 20 гаруй жил ажиллахын сацуу сонсголгүй хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлж ирсэн. Манай улсад дохионы хэлмэрч-орчуулагч гэсэн мэргэжил байдаггүй, бэлтгэдэг сургууль ч үгүй. Өдгөө улсын хэмжээнд 10 орчим хүн л энэ ажлыг хийдэг. Манай улс 1964-1980 онд ЗХУ, Унгарт согогзүйч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байсан юм билээ. Түүнээс хойш энэ мэргэжилд Засгийн газрын тэтгэлэг олгодог болсон. Даанч энэ мэргэжлийг сонгон, тэтгэлэг авч, гадаадад оччихоод ангиа эсвэл, тэтгэлгээ солиулаад сурчихдаг байсныг судалж, мэдсэн гэсэн. Мөн зарим нь согогзүйчээр суралцсан ч оросын дэг сургууль, арга зүйг эзэмшсэн учир Монголд ирээд сонсголгүй хүмүүсийн дохионы хэлийг ойлгохгүй, тэднээр заалгадаг болсон. 

-“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч-орчуулагчаар ажиллах болсон түүхээсээ хуваалцаач. 

-1996 онд МҮОНРТ-ийн ММ агентлагийн даргаар одоогийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байв. Тэр үед сонсголгүй иргэд тус агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт дохионы хэлний хөтлөгчөөр намайг ажиллуулах санал тавьсан юм билээ. Түүнээс урьд нь нэг хэсэг мэдээллийн хөтөлбөрт Отгонбаяр, Эрдэнэбилэг зэрэг дохионы хэлний хөтлөгч ажиллаж байгаад больчихож л дээ. Ингээд Д.Сарангэрэл дарга надтай холбогдож, ажиллуулах санал тавихад би оюутан байлаа. Саналыг нь зөвшөөрч, хэсэг ажиллаад больчихсон. Гэтэл 1998 онд “Eagle” телевизээс долоо хоногийн тойм хөтөлбөрийн дохионы хэлний хэлмэрчээр ажиллах санал тавихад хүлээн авав. Телевизийн мэдээний дохионы хэлний хэлмэрч хийх сонирхолтой. “Цагийн хүрд”-ийг 20.00 цагт шууд нэвтрүүлдэг учир гэртээ байнга орой харина. Тиймээс ээжийн ажил, үүргээ хангалттай биелүүлдэггүй байлаа. 

-Дохионы хэл хэрхэн үүсэж, хөгждөг юм бол. Улс орон бүрт өөр өөр төрөл, хэлбэртэй байдаг байх даа? 

-Дохионы хэл бол сонсголгүй хүний төрөлх хэл. Тухайн хүн төрсөн цагаасаа ахуй амьдрал, нүдний баримжаа, ойлголтоороо орчноо дүрслэн ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хэрэгцээ шаардлагад тулгуурлан, амьдралаас үүсдэг хэл. Аавыгаа дүрсэлж үзүүлэх гэх мэтчилэн. Хүний нүдний хараанд суурилсан хамгийн амьд хэл гэж би хэлэх дуртай.

Хэн нэгний хэлснийг ойлгож, тархиндаа ургуулан бодож, сонсголгүй хүн ойлгохуйцаар бүрэн дүүрэн илэрхийлнэ гэдэг маш хэцүү. Хүний бүх эд, эс ажиллана шүү дээ. Жишээлбэл, хэлмэрч- орчуулагч хийж байхад хөлийн хуруу минь хүртэл хөдөлдөг. Ингэж орчуулагч, сонсголгүй хүн хоёрын маш их хүчин чармайлтын үр дүнд харилцаа үүсэж, мэдээлэл, мэдлэг солилцдог өвөрмөц хэл юм.

Тухайн улс орны соёл, ахуй амьдралаас энэ хэл урган гарч, олон ч төрөл болж хөгждөг. Улс орон бүрийн дохионы хэл өөр, тэр дундаа нэг улс ч дотроо хоёр, гурван төрлийн ийм хэлтэй байх нь бий. Дохионы олон улсын хэл ч гэж бий. Дэлхий нийт энэ хэлийг эрчимтэй судлан, онол, арга зүй боловсруулж, сонсголгүй иргэдийн нийгмийн оролцоог ханган, ажилтай болгож, хөгжүүлж байна.

 

-Дохионы хэлний хэлмэрч-орчуулагч хийхэд их ядардаг уу. Нүүрний имиж, гарын хөдөлгөөнийг тань ажиглахад хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж, чин сэтгээлээсээ илэрхийлж буй харагддаг. 

-Наймаас наян настан хүртэл ойлгох цээл хоолойтой хүн гэж ярьдаг. Үүнтэй адилаар дохионы хэлний хэлмэрч тухайн зүйлийн утга агуулгыг наймаас наян настан хүртэл ойлгохоор бүрэн дүүрэн илэрхийлж, тайлбарлан, хүмүүсийн сэтгэхүйд буутал дүрсэлж үзүүлэх ёстой. Мөн ярьж буй зүйлийн гол санаа, хэлэх гэсэн утгыг урьдчилан мэдэрч, ойлгож, үг хэллэг, сэдвийн талаар өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг. Тиймээс би мэдлэгийн хүрээгээ тэлэхийн тулд ном их уншдаг. Мөн мэдэхгүй үг хэллэгийг хэрхэн илэрхийлэх талаар сонсголгүй найзуудаасаа зөвлөгөө авдаг юм.

Найзууд минь миний дохионы хэлний орчуулгыг хянаж, санал, шүүмж хэлдэгт их баярладаг. Нөгөөтээгүүр, сонсголгүй хүмүүс байхгүй бол дохионы хэлний хэлмэрч-орчуулагч хэмээх мэргэжил хэрэгцээгүй. Энэ үг нь та сонсголгүй хүмүүст зориулж, хэлмэрч хийж байгаа л бол тэдэнд бүрэн дүүрэн ойлгуулах чадвартай, сэтгэл, зүрх, хүч хөдөлмөрөө шингээж аливааг дүрслэн илэрхийлдэг чадвартай байх ёстойг хэлж буй юм. Орчин үед худал орчуулж, сонсголгүй хүмүүсийг доромжлох тохиолдол цөөнгүй гарах боллоо. Энэ бүгдийг сонсголгүй хүмүүс мэдэрч, анзаарч, хүсэл саналаа илэрхийлдэг. Тэд харах мэдрэхүйдээ тулгуурлан, бусдын юу бодож байгааг нь ойлгож чаддаг хүмүүс. Тиймээс дохионы хэлний хэлмэрч-орчуулагчийн ёс зүйн асуудал олон улсад их хөндөгдөх болсон.

Энэ талаар уг мэргэжлийн суурь судалгаа хөгжин, арга зүйтэй болж, судлаачид төрөн гарсан улс оронд ярьж, дүгнэх боломжтой. Манайд энэ талаарх судалгаа, төлөөлөл юу ч байхгүй. Дохионы хэлний хэлмэрч нь дэлхий дээрх хэцүү мэргэжлүүдийн жагсаалтад багтдаг. Учир нь өөрийн цуглуулсан бүх эрч хүчийг дохионы хэлний орчуулагч хийхдээ зориулчихдаг. Тиймдээ ч маш их ядарч, стресстэх үе бий. 

-Энэ төрлийн мэргэжилтнийг олон улсад хэрхэн бэлтгэдэг бол. Манайд бэлтгэдэг сургууль байхгүй. Тэгэхээр сонсголгүй иргэдийн эрх ашиг нэлээд зөрчигддөг байх даа? 

-Бусад улс оронд дохионы хэлний хэлмэрч- орчуулагчийг системтэйгээр бэлддэг. Тухайлбал, Японд 3000 гаруй ийм мэргэжилтэн бий. Сонсголтой, сонсголгүй, сул сонсголтой хүмүүсийг ажиллуулдаг нэгдсэн байгууллага бий. Тухайн орчуулагчид нь нийгэм, шинжлэх ухааны салбар бүрийг хариуцаж ажилладаг. Жишээ нь, шүүх, цагдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ авахаар сонсголгүй иргэн ирлээ гэхэд хариуцсан хүмүүсээс сонгогдон ажилладаг гэсэн үг. Орчуулагчийн цалинг төрөөс нь олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалдаг.

Гэтэл манайд төр ийм үүрэг гүйцэтгэдэггүй, ихэнх ажлыг нь Монголын хэлмэрч, орчуулагчдын холбооныхон гүйцэтгэдэг юм. Би энэ холбоонд гишүүнээр ажилладаг, найз минь удирддаг л даа. Зарим сонсголгүй иргэн ирж, хэлмэрч, орчуулагчаа сонгож, шаардлагатай төрийн үйлчилгээгээ авч байна. ОХУ-ын Улаан-Үд хотод Сонсголгүй иргэдийн нийгэмлэг гэж бий. Тус нийгэмлэгийнхэн хотынхоо 500-600 сонсголгүй иргэнд туслах үүрэгтэй. Нэг хүн сард 40 орчуулах үйлчилгээ авах ёстой бөгөөд үүнийг төрөөс нь санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус нийгэмлэгт ажилладаг орчуулагч, хэлмэрчдийг цалинжуулдаг гэсэн үг. Гэтэл манайд сонсголгүй иргэд төрийн үйлчилгээ авахад үнэхээр хүндрэлтэй. 

-Энэ мэргэжил, салбарыг хэрхэн хөгжүүлэх ёстой юм бол? 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд сонсголгүй хүний хэл нь дохионы хэл гэж заасан байдаг. Уг ганцхан заалтын дагуу хууль, эрх зүйн бусад баримт бичгийг гаргаж, журам боловсруулан, онол, арга зүй, судлалтай болж, хэлмэрч, орчуулагчдын үйлчилгээг хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн жилийн долдугаар сард манай улсад Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган болсон.

Энэ үеэр ХБХХЕГ-аас сайн дураар хэлмэрч-орчуулагч хийх хүсэлтэй залуус нэгдэн баг болж ажилласан юм. Би энэ багт орж, ажилласнаар олон зүйл сурсан. Тэр дундаа олон улсад тэжээгч орчуулагч гэж байдаг бөгөөд маш хэрэгтэйг ойлгосон. Энэ нь сонсголгүй хүн сонсголгүй хүндээ дохионы хэлний орчуулга хийж өгөхийг хэлнэ. Миний хувьд синхрон буюу яриаг сонсон, шууд хэлмэрч хийдэг. Харин сонсголгүй хүмүүсийн дохионы хэлийг ойлгох чадвар нь янз бүр байдаг. Тухайлбал, харааны хурд нь гүйцдэггүй, эсвэл дохионы хэл сайн сураагүй хүнд хэлмэрч-орчуулагч хэрэг болдог гэсэн үг. 

Дээр дурдсан чуулганы үеэр бид хэлмэрч-орчуулагчийг ажиллуулсан юм. Учир нь тус хурлын үеэр англиас олон улсын дохионы хэл рүү орчуулга хийх өндөр мэдлэг, ур чадвартай хүн манайд байгаагүй. Тиймээс англи хэл-монгол дохионы хэл-олон улсын дохионы хэл гэсэн дарааллаар хэлмэрч-орчуулагч ажилласан. Манай сургуульд ч мөн тэжээгч-орчуулагч хийдэг. Жишээлбэл, би хэлмэрч-орчуулагчтайгаа урьдчилан хичээлээ бэлтгэдэг. Ингээд хичээл заах үеэр ойлгохгүй байгаа зарим хүүхдэд тэжээгч-орчуулагч арай ойлгомжтой, удаанаар, бүрэн заадаг гэсэн үг.

Дохионы хэлний ёс зүйн асуудлыг хөндөж, чадвартай хэлмэрч-орчуулагч ажиллуулах ёстойг илтгэх олон улсын нэг жишээ дурдъя. Өнгөт арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч Нелсон Манделаг хүндэтгэх ёслолын үеэр нэг хүн дохионы хэлийг буруу орчуулж, дэлхий даяар түгээжээ. Үүнд олон орны Ерөнхийлөгч оролцсон байв. Гэтэл сонсголгүй хүмүүс буруу орчуулгыг шүүмжилж, дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэнд нэгэн байгууллагаас хэлмэрчийн буруу орчуулгаас илүүтэй, сонсголгүй иргэдийн эрхийн төлөө ингэж ажиллуулсныг сайшаасан юм. Үүнээс хойш Ерөнхийлөгч бүр дэргэдээ дохионы хэлний чадварлаг хэлмэрч ажиллуулж, мэдээллийг хүртээмжтэй хүргэх ёстойг ойлгосон байдаг. 

-Манайд дохионы хэлний хэлмэрч-орчуулагчийн ажлыг хэрхэн үнэлдэг юм бол. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор теле хичээлийг дохионы хэлний хөтлөгчийн хамт хүргэдэг боллоо.

-Манайд ийм үндсэн мэргэжил, ажлын байр үгүй учир ажлынхаа хажуугаар л ихэнхдээ хийдэг. Миний хувьд 20 гаруй жил сайн дураараа сонсголгүй хүмүүст тусалж, орчуулагч хийж ирсэн. Одоо төрийн албан хаагч учир ажлынхаа хүрээнд хаана, юу л болно, түүнд очиж, орчуулагч хийж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны өдөр бүрийн хэвлэлийн хуралд тайлбарлагч хийсэн.  Эхний нэг хурлыг дохионы хэлний орчуулагчгүйгээр зохион байгуулсны дараа сонсголгүй иргэн юу болсныг гайхсан. Тиймээс холбогдох яам, агентлагаас бүх нийтээр анхаарах ёстой чухал зүйл ярьж буй учир дохионы хэлний орчуулагч ажиллуулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу даргын тушаалаар намайг томилсон.

Теле хичээлийн үеэр дохионы хэлний орчуулагч бараг харагдахгүй, ойлгомжгүй байна гэсэн гомдол зарим сонсголгүй иргэн гаргасан. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хангаж, хөтөч оруулах болсон нь сайн. Гэхдээ зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнгээ өгөх нь чухал. Харамсалтай нь, манайд энэ чиглэлийн онол, арга зүй, мэргэжилтэн үгүй учир үүнд тайлбар хэлэх хүн алга. Тиймээс үнэгүй зөвлөгөө өгч хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)