Ж.Туул: Машиндаа шатаж нас барсан нөхрийнхөө хэргийг нийслэлд шалгуулахыг хүсэж байна

Одоогоос жил гаруйн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн том оврын автомашины бүхээгт гал гарсны улмаас жолооч Д түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Талийгаач 31 настай байсан бөгөөд түүний ард бага насны гурван хүүхэдтэй залуу бүсгүй өрх толгойлон үлдэж хоцорсон юм. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс ажил хөдөлмөр хийж, ар гэрээ тэжээж явсан нөхөр нь ажил олгогч байгууллагын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүйн улмаас амь насаа алдсан гэсэн гомдолтой байдаг. Өнгөрсөн хугацаанд хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж, өнөөдрийг хүртэл аймгийн Прокурорын газраас хавтаст хэргийг дөрвөн удаа хаах санал гаргасан байна.

Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс прокурорын энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, хэргийг хохирогчийн харьяаллын дагуу Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газарт гаргажээ. 

Энэ талаар талийгаач Д-гийн эхнэр Ж.Туул өнөөдөр /2020.04.08/ хэвлэлийн хурал хийж, хуулийн болон төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр “Хэргийг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж итгэж хүлээсэн ч болдоггүй юм байна. Би болон манай ар гэрийнхэн үнэхээр гомдолтой байна. Би эцсээ хүртэл явна. Манай гэр бүлийн зүгээс өнгөрсөн хугацаанд хангалттай нотлох баримт цуглуулсан. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө 0663 ӨМА улсын дугаартай "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн автомашиныг Д жолооч жолоодон, уурхайгаас ачилт хийгээд гарсан гэх баримт нь байна. Мөн машинд гарсан галыг компаниас тавьж өгсөн кабин халаагчаас гарсан гэх Онцгой байдлын газрын гаргасан галын дүгнэлт байгаа. Анх хэргийн газарт үзлэг хийхдээ эд мөрийн баримтаа дутуу цуглуулсан, бэхжүүлж аваагүй. Мөн хариуцлага хүлээх ёстой "Омогт цагаан шонхор транс" ХХК нь одоо үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн боловч компанийн нэрээ өөрчилж, жолооч нарыг тээвэрт явуулж, эрсдэлд оруулсаар байгаа.

Бидний цуглуулсан нотлох баримтуудыг мөрдөгч, байцаагч нар үл тоож, дөрвөн удаа хаасан. Хэргийг хаах үндэслэлээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарладаг.

Олон жил үйл ажиллагаа явуулсан энэ мэт компаниуд хуулийнхантай ойр байж, хэрэгт нөлөөлөх гэж оролдож байгаа. Орон нутагт хуулийн завхрал маш их байгаа учраас хэргийг нийслэл рүү татан шалгуулах хүсэлтэй байна.

Энэ зөвхөн миний асуудал биш. Бид ганцхан хүнээ алдаад хохирол дуусаагүй. Гурван хүүхэд минь хагас өнчин болж, гэр бүлийн маргаан, бэрхшээл нэмэгдэж байна. Хоёр хүний үүрэх ачааг нэг хүн үүрч байна. Тээвэр хийдэг хариуцлагагүй компаниудаас болж маш олон эмэгтэй эр нөхрөө алдаж, энэ мэтээр хэргээ хаалгасаар ирсэн” гэлээ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд тэрээр төрийн гурван өндөрлөгөөс хэргийг харьяаллын дагуу Улаанбаатар руу татах, шүүх, хуулийн байгууллагад хийж буй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэх, хохирсон иргэдэд хүрч ажиллахыг хүссэн захидал хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.


Иргэн Ж.Туулын захидлыг дор бүрэн эхээр нь хүргэж байна

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД, ШАДАР САЙД,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
 

Та бүхний амар амгаланг эрье. Миний бие Монгол Улсын шударга залуу иргэн, гурван хүүгийн ээж, амь эрсэдсэн тээвэрчний гэргийн хувьд энэ захидлыг бичин сууна.

2020 оны гуравдугаар сарын 27 бол миний хувьд Монгол улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэл минь бүрэн унтарсан өдөр.

2018 оны арваннэгдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө миний хань Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт нүүрс тээврийн замын 145-р км-т нүүрсний уртын урт тээврийн очерын төгсгөлд машины кабинд нь гал гарсны улмаас түлэгдэн, амь эрсэдсэн аймшигт үйл явдал, бидний гэр бүл, цаашлаад нүүрс тээвэрчдийн сэтгэлийг сэртхийлгэсэн осол тохиолдсон. Тухайн өдрийн үүрээр 05 цаг 14 минутад "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн ажилтан Бат-Эрдэнэ над руу анх залган, "Дашдорж хүнд түлэгдэн, сая Ханбогд сумын эмнэлэг рүү аваад явлаа" гэж ярьснаар бид анх мэдсэн. Ингэж холбогдсоноос хойш дахин тухайн ажилтны утас холбогдохоо байсан. Бид өөрсдөө арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн лавлахаар дамжуулж байж Ханбогд сумын эмнэлэгтэй холбогдож, нөхрийнхөө сургийг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламжийг Ханбогд сумын эмнэлэг, Оюутолгой уурхай, Сосмедикал эмнэлгийн яаралтай тусламжийн багаар /Тусгай үүргийн онгоц явуулж, Ханбогдоос Улаанбаатар хотод хүргэж ирсэн/ хүргүүлж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран, арьс нөхүүлэх хагалгаа хүртэл хийлгүүлж, арга хэмжээ авсан байдаг юм.

Ажил олгогч "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн удирдлагууд 2018 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр "Бид нар өнөөдөр л мэдлээ" хэмээн анх манай гэр бүлийнхэнтэй холбогдсон байдаг. Түлэнхийн тасгийн эмч нар "95% түлэгдэлттэй хүн ингэж удаан Монголд амьдарсан түүх байхгүй" гэж итгэл найдвар өгч, манай гэр бүл хүнээ хөл дээр нь босгоход их хүчээ зарцуулсан боловч арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хань минь шархаа даалгүй, тэнгэрт одсон юм. Хүний биений 95 хувь түлэгдэхэд үнсэх газар ч олддоггүй юм билээ. Түүний минь баруун хөлний шагай, хөлийн сарвууны дээд хэсэг л түлэгдээгүй үлдсэн байсан.

Энэ өдрөөс хойш Монгол Улсын залуу иргэний хувьд ёс зүйтэй байж, ханийнхаа амь алдсан хэргийг үнэн зөвөөр, хуулийн хүрээнд шийдүүлэхээр 1 жил таван сарын турш шударгаар хүлээлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаанхад хэмээх Улаанбаатар хотоос 750 км зайд алслагдсан, дор хаяж 14 цаг явж очдог суурин руу энэ хугацаанд хичнээн ч удаа өөрийн зардал цагаа гаргаж, үр хүүхдээ хүн гуйж харуулан орхиод явсан юм, одоо бүү мэд тоогоо алджээ.

Ханбогд сумын цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын Сум дундын прокурорын газраас эрүүгийн хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, хэргийг хааж байгаад гомдолтой байна. Хэрэгт хангалттай ажиллагааг хийхгүй, нотлох баримтуудыг хангалттай цуглуулахгүй байгаа нь орон нутгийн хууль хяналтын байгууллагад ашиг сонирхлын зөрчил ихээхэн байдаг юм байна гэсэн хардлагыг төрүүлэхэд хүргэж байна. 

Эрүүгийн болон иргэний, захиргааны хэргийн хэрэгт бүрдүүлж өгсөн материалуудаас харахад,
 

  1. Гал автомашины кабин халаагчаас гарсан гэх, уг төхөөрөмж нь Монгол Улсад мөрдөгдөх стандарт хангаагүй гэх, Өмнөговь аймгийн онцгой байдлын газрын байцаагчийн дүгнэлт,
     
  2. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтэд талийгаачийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тул үйлдвэрлэлийн осол гэж тооцно гэсэн дүгнэлт,
     
  3.  Гэрч М.Хүрэлбатын өгсөн тухайн машины жолооч гэх Дашдорж болон ажил олгогчийг байлцуулан машиныг хүлээн аваад, ажил олгогчийн зөвшөөрлөөр буцааж Дашдоржид хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг,
     
  4. Гэрч Хүрэлбаттай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ байхгүй гэх ажил олгогчийн мэдүүлэг, тодорхойлолт, "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн 2018 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд Хүрэлбатад хамаарах төлөлт бүртгэгдээгүй байгаа байдал,
     
  5. Хэрэгт гэрч нарын өгсөн кабин халаагч төхөөрөмжийг ажил олгогчоос суулгаж өгсөн, кабин халаагчийг хэрхэн ажиллуулах талаар болон хөдөлмөр хамгааллын зааварчилгаа огтоосоо өгдөггүй гэх мэдүүлгүүд,
     
  6. Авто тээврийн үндэсний төвөөс авсан тухайн унаж яваад шатсан тээврийн хэрэгсэл нь "Омогт цагаан шонхор транс" ХХК-ийн тээврийн хэрэгсэл мөн болно гэх лавлагаа,
     
  7. Хил хамгаалах газраас өгсөн тухайн тээврийн хэрэгслээр талийгаач нь 2018 онд хэд хэдэн удаа ажил хийх зорилгоор унаж, хилээр орсон гарсан гэх лавлагаа,
     
  8. "Энержи ресурс" уурхайгаас хийсэн ачилтуудын лавлагаа,
     
  9. "Эрдэнэс тавантолгой"-н уурхайгаас ачаа ачсан пүүний баримт,
     
  10. Шүүх эмнэлгээс гаргасан талийгаач нь 95 хувийн түлэгдэлттай байсан, гал залгиснаас болж амиа алдсан гэх дүгнэлт,
     
  11.  Нүүрс худалдан авагчтай байгуулсан тээврийн гэрээнд орсон жолоочийн аюулгүй байдлыг тээврийн компани хариуцна гэсэн заалт,
     
  12. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 оны тавдугаар сард хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар хүргүүлсэн албан шаардлагаас харахад "Омогт цагаан шонхор транс" ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг хэрхэн ноцтой зөрчдөг болон хүргүүлсэн шаардлагыг үл биелүүлдэг байсан баримтууд,
     
  13. Стандартчилал хэмжил зүйн газраас авсан Монгол Улсын стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн санд Автомашины кабин халаагч төхөөрөмжийн талаар мөрдөх стандарт байхгүй байна гэх лавлагаа,
     
  14. Талийгаачийн Хаан банкны хуулга буюу "Омогт цагаан шонхор" нэрээр хийгдсэн гүйлгээнүүд,
     
  15. Улсын ерөнхий прокуророос даалгавар өгөгдөн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн галын бүрэлдэхүүнтэй шинжээчийн хийсэн “Өмнөх галын байцаагчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй” гэх зэрэг дүгнэлтүүдээс харахад энгийн иргэн миний ухаанаар, олон хууль хяналтын мэргэжлийн хүмүүсээс асуусан асуулгаар ажил олгогчийн буруутай үйлдлээс болж ажилтан хүний амь эрсэдсэн гэж нотлогдож байна гэж үзэх үндэслэл болж байна.

Нүүрс тээврийн салбарт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон нь зөвхөн манай гэр бүлд тохиолдсон зүйл биш юм. Олон олон аав нар амиа алдаж, миний гурван хүү шиг өнчрөн үлдсэн хүүхдүүд, өрх толгойлсон олон ээж нар эсвэл олон залуус тахир дутуу хохирч үлдэж байна. Гэвч нийтлэг хохирсон иргэд нь хуулиар хамгаалуулах эрхээ эдэлж чадахгүй байна.

Миний мэдэх нүүрс тээврийн замд гарсан жолоочтой холбогдох бараг бүх хэрэг Цогтцэций, Ханбогд сумын цагдаа, прокурорын газарт дарагдан, хаагдаж байна. Хэргийн хойноос хөөцөлдөх цаг хугацаа, зардал, хүн хүч муутайг нь далимдуулан,

1. Хэргийг маргааш хаах сүүлийн хугацаа, Та маргааш ирж танилц гэх мэт цаг хугацааны хувьд тулган хэлэх,

2. Хариуцсан мөрдөгч юм уу, прокурор нь хохирогчийг хэргийн үйл явцыг мэдэхээр залгахад утсаа авахгүй байх, эсвэл утасны дугаараа сольж, эргэн хэнтэй холбогдохоо мэдэхгүй болгож, хохирогчийг мухардалд оруулах,

3. Ажил дууссан цагаар, эсвэл амралтын өдрийн орой хохирогч руу нэгхэн удаа залгачихаад, утсаа авахгүй байх юм уу, салгаатай байх юм бол дахин залгахгүйгээр хэргийн материалд “Залгаж, хэргийн талаар мэдэгдэх гэсэн боловч утсаа авсангүй” гэх тэмдэглэл хийн хавсаргах,

4. Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд яахав гэдэг ардын ёс дагуулж, номхон хүлцэнгүй байлгах,

5. Ах дүүгээр нь талцуулан хэрэлдүүлэх арга буюу хэрэгт хохирогчоор хадам, бэрийг зэрэгцүүлэн, дур мэдэн ятган оруулж, дунд нь худал ярин, үл ойлголцол үүсгүүлэх гэх мэт залхаан цээрлүүлэх аргыг ашиглан, хохирогчдыг эдийн засаг, сэтгэл санааны хувьд туйлдуулан, эцэстээ хэргийг хаах аргаар хууль, хүчнийхэн хохирогчдыг хохирсон дээрээс нь нэмж хохироодог юм байна.

Өмнөговь аймаг Ханбогд сум хүртэл нэг удаа явахад ирж, очиход хоёр хоног болдог. Бензин шатахууны хувьд 1500 км, 10 л x 1900 төгрөг = 285.000 төгрөг зарцуулдаг. Хоол унд гурван хүнээр бодоход 144.000 төгрөг болдог. Явж, ирэх хооронд ажлаасаа авах цалингаа бодохгүй байхад л 400,000-500,000 төгрөгийн бодит зардал гардаг. Өрх толгойлон үлдсэн ганц бие ээжийн хувьд энэ мөнгө сард төлдөг байрны зээлтэй минь тэнцэх хэмжээний мөнгө юм.

Үр хүүхдийнхээ боловсрол мэдлэг, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хэдэн бор төгрөг илүү олох гэж өөрийн хүсэл мөрөөдөл болон эзэмшсэн мэргэжлээ орхин, нүүрс тээвэрт ажиллаж яваад амиа алдсан ханийг минь янхан жолоочоор нь дуудаад зогсох ажил олгогч нь,
 

  • Үндсэн үйл ажиллагаа нь олон улсын тээвэр эрхлэх гэж ААН-н улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байхад байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах ёстой гэсэн үүргээ мэдсээр байж албаар биелүүлэлгүй, түүнийгээ давуу тал болгон манай ажилтан биш гэж хэрэгт ичих ч үгүй мэдүүлэг өгч хэргээс мултрах,
     
  • Цалин хөлсийг нь хятад талд бэлнээр жолоочид гарт нь өгч, цалин олгосон санхүүгийн нотлох баримт үлдээдэггүй. Энэ арга нь олон хяналт, шалгалтын байгууллагын анхаарлаас өөрсдийгөө цэвэрхэн аварч гарах боломж болдог. Жишээ нь,  энэ бүхэн нь НДГ-ын шалгалтаар нотлогдсон байдаг.
     
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийг үл ойшоох,
     
  • Мэргэжлийн байгууллагаас авсан лавлагаануудыг үл ойшоох,
     
  • Чиглэлийн хууль, дүрэм, журмыг үл ойшоох,
     
  • Хэргийн материалыг хохирогчид хуулбарлан өгүүлэхгүй байх,
     
  • Хэрэг шалгаж байсан мөрдөгчийг хэл аманд оруут өөр орон нутаг руу томилуулдаг гэх мэт аргуудыг хэрэглэн, хэрхэн хэргийг хичнээн удаа хаалгаж, өөрийн талд үйлчлүүлж байгааг өөрийн нүдээр харж, бие сэтгэлээрээ мэдэрч байна.


Олон жил тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлсэн тээврийн компаниуд хууль хүчнийхэн, төрийн байгууллагын удирдлагуудтайгаа бараг л ах дүүгийн барилдлагатай болж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэн, хахууль өгч, өөрсдийн үгнээсээ гаргахгүй болгосон нь энэ салбар руу жил шахам холилдож яваа хүний хувьд харагдаж байна. 

Одоог хүртэл л Хөдөлмөрийн гэрээ байгуулж, бодит цалин орлогоос нь татвар шимтгэлийг нь төлүүлдэггүй хэвээр юм байна.

Ажил олгогч нь Компанийн тухай хууль, Олон улсын гэрээ конвенц, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Иргэний хууль, Автотээврийн тухай хууль болон эдгээр хуулиудыг даган гаргасан захиргааны арга хэмжээний актуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хэргээс мултрах, зугтах үндэслэл болох ёсгүй гэдгийг та  бүхэн хууль санаачлагч, хууль хэрэгжүүлэгч дээд байгууллагын удирдагчийн хувьд сайтар мэдэж буй за.

Өдийг хүртэл Нийгмийн даатгалыг нь ажил олгогч төлөөгүйгээс болж миний 1-8 настай үлдсэн гурван хүү минь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад тэтгэмжээ авч чадалгүй хохирч яваа.
 

  • Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гарган шалгуулахад цалин олгосон нотлох баримт байхгүйгээс болж нөхөн төлүүлж чадахгүй байна гэсэн мухардалд орж байна.
     
  • Иргэний хэргийн шүүхэд хандахад эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа шийдвэрлэнэ хэмээн хэргийг түдгэлзүүлэх гэж байгааг бид харж байна. 
     
  • Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтийг буруу гаргасан байна хэмээн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаагаас нь харахад нүүрс тээврийн цүнхний гэх тодотголтой компаниуд хуулийг хэрхэн уландаа гишгэж, доромжилж, тохуурхаж байгааг харж болно.
     
  • Нүүрс тээврийн цүнхний компаниуд хэрэг зөрчил гаргаж, асуудал үүсэхэд хуулийнхнийг хахуульдах, мөн ААН-ээ татан буулгаж, шинээр ААН байгуулан, тээврийн хэрэгслээ шилжүүлэх аргаар хариуцлагаас бултах тохиолдол байна. "Омогт цагаан шонхор транс" ХХК гэхэд шинэ компани байгуулж, "КОАЛЮШН ЛОЖИСТИК ЭНД МИНЕРАЛС" ХХК нэртэй болсон байх жишээтэй. 

Ачаа ачих Тусгай эрх олгож буй байгууллага, албан тушаалтнууд нь ч хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж, угаасаа стандартад нийцэх тээврийн компани байхгүй хэмээн өөгшүүлж, ямар нэгэн хязгаарлалт хийдэггүй хандлага жишиг тогтсон юм байна.

Харилцан уялдаа холбоо байхгүй, тус тусын амбицыг хөөсөн, хууль дүрэм стандартаа мөрдүүлж чадахгүй хууль хяналтын байгууллага байгааг ч энд нуух юун. Сайн харвал төрийн бус хэдэн байгууллага нь айлган сүрдүүлж, зарим захаас нь цэгцэлж байх шиг ээ. Төрөөс томилогдон ажилладаг Ажлын хэсэг гэх тодотголтой хэдэн дарга нар нь хар жийп хөлөглөн цуваа болгон давхилдаж очоод, нөгөө хэдэн нүүрний компани, арьсаа хамгаалахаар бэлдсэн хурган дарга нарын илтгэлийг сонсоод, бэлдсэн цайллаганд нь орж, дайлуулаад, өнгөц дүгнэлт гарган, Засгийн газарт хүргэдэг байдал ч байгаа шүү. Үнэхээр засч залруулах гээд ганцаар зүтгээд бусад шударга хандсаныхаа төлөө шударга бус нөхөддөө хавчигдан гадуурхагдаж буй цөөнх болох төрийн байгууллагын ажилчид ч байгааг энд дурдах нь зөв байх.

Нийтлэг хохирсон олон иргэдтэй биечлэн болон биечлэн бус холбогдон уулзаж, олж авсан мэдээлэл, өөрт тохиолдсон бодит байдал дээрээ тулгуурлан энэ бүхнийг баримттайгаар бичиж байна. 

Хурдан морио хүртэл машинд дайрагдахад хэдэн зуун саяаар үнэлүүлэн, хохирлоо барагдуулж авч чадаж байхад эрдэнэт хүний амийг ийм хүйтнээр үнэлж, оршуулгын зардлыг нь өгөөд, ажил олгогчийг хариуцлагаас мулталдаг хууль, хүчний авлигад идэгдсэн албан тушаалтнуудын увайгүй үйлдэл нүүрс тээврийн салбарт жишиг болж тогтсон байна.

Миний бие энэ тогтсон жишгийг эвдэж, дахин энэ замд хохирсон дээрээ хохирдог тогтолцоог байхгүй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэх болно.

ИРГЭН БУЙ ДОР ТӨР ОРШИН ТОГТНОЖ ТӨР ОРШИН БУЙ ДОР ХУУЛЬ ОРШИНО гэдгийг нотлон, хохирсон гэр бүлээ болон бусад хохирсон олон иргэдийг хамгаалан, тэдний итгэлийн оч болон цаашид шат дараалалтай, хатуу шаардлага тавин тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна.

Улсын экспортын орлогыг бүрдүүлдэг уул уурхай, тэр дундаа нүүрс тээврийн салбараас өрхийн амьжиргаагаа залгуулж байгаа тээвэрчид, тэдний гэр бүлийн гишүүдийн хэдэн арван мянган иргэний эрх ашгийг хамгаалалгүй, харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг нүдээ анин өнгөрүүлж болохгүй ээ.

Төрийн их өндөрлөг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Улсын их хурлын дарга та бүхэнд энэхүү цөхөрсөн захидлын эцэст тус тусын эрх үүргийн хүрээнд  дараах гуравхан зүйлээр туслахыг хүсье.

1. Хэргийн харъяаллыг өөрчилж, Улаанбаатар хот руу татан ирж, хэргийг үнэн зөвөөр шалгуулж, шийдүүлж  өгнө үү. Цаашид дахин орон нутгийн хуулийн байгууллагад итгэхгүй байна. 

2. Шүүх, хууль, хяналтын байгууллагад хийж буй цэвэрлэгээгээ үргэлжлүүлж, над шиг энгийн иргэдийн хэргийг үнэн зөвөөр шийдүүлдэг байхад хяналт тавих.

3. Хохирсон иргэдэд хүрч ажиллах нийгэмд чиглэсэн бусад ажлуудыг зохион байгуулах  (Сан байгуулах, хууль эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх төв байгуулах гэх мэт) хүсэлтийг үүгээр уламжилж байгааг минь анхаарна уу. 

Төр, түмэн минь амгалан байх энх цагийг хамтдаа бүтээхээр зүтгэнэ.

Монгол Улсын иргэн Жаргалын Туул

Сэтгэгдэл:
Таны IP: (34.200.226.179)