Роберт Тэйт: Америкт сурах боломжууд, тэтгэлэгт хөтөлбөрүүд хүн бүрт нээлттэй

 

АНУ бол дэлхийд боловсролоороо тэргүүлэгч орнуудын нэг.  Тиймээс бид ирэх хичээлийн жилд гадаадад суралцах хүсэлтэй оюутан залууст зориулан АНУ-д суралцах боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга  Роберт Тэйттэй ярилцлаа.  

- Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо ч нэмэгдэж байна.  Тиймээс АНУ-ын  Элчин сайдын яамнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье?

-АНУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 1989 оны боловсрол, соёлын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрээс хойш хоёр талын олон арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлсээр ирлээ. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт, Хьюберт Хамфри гэсэн боловсролын болон урлагийн элч, Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан зэрэг соёл урлаг, спортын элч, зочин илтгэгч гэсэн олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд дотроос АНУ-ын сенатч Жеймс Уильям Фулбрайтын 1946 онд санаачилсан Фулбрайтын хөтөлбөрийн нэрийн дор Монгол Улсад хэрэгжиж буй 10 гаруй хөтөлбөрөөс монголчуудын хамгийн сайн мэдэх нь магистрын зэрэг олгох, бүрэн тэтгэлэгт Фулбрайтын оюутны хөтөлбөр юм.

-Манай оюутан залуус Фулбрайтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг их сонирхдог. Тиймээс та энэ  хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Хэзээ зарлагдаж, жилд хэдэн хүн хамрагдах боломжтой вэ?

-Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад анх 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. Жил бүр энэ хөтөлбөрт хамрагдах оюутны тоо нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас Фулбрайт хөтөлбөртэй хамтарч оюутны хөтөлбөрийг өргөжүүлэх талаар хэлэлцэн  2011 оноос жилд нэмэлтээр 9-10 мэргэжилтэнг АНУ-д суралцуулж эхэлсэн.  Одоогийн байдлаар хоёр хөтөлбөрийн хүрээнд жилд 13-15 хүн хамрагдаж байна.

Энэ  хөтөлбөрийг жилд хоёр удаа зарладаг. АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийг нэгдүгээр сард, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийг гуравдугаар сард зарлан өргөдлийн материалыг нь хүлээж авдаг. Дээрх хоёр хөтөлбөрт адилтгах зүйл олон бий. 

Тухайлбал, хоёулаа магистрын зэрэг олгох, бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдан суралцагч нь хөтөлбөрөө дуусаад эх орондоо ирж Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ижил нөхцөлтэй. Мөн Монгол Улсын Засгийн газраас иргэдийг эх орондоо эргэн ирэхийг баталгаажуулах үүднээс хөтөлбөрт шалгарсан иргэдтэй барьцааны гэрээ байгуулдаг учраас энэ хоёр хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь тусдаа явагддаг.

-Тэтгэлэгт хөтөлбөр гэж ярьж байна. Ямар ямар зардлыг хамруулдаг вэ?

-Фулбрайтын оюутны хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдаж буй хугацааны хөтөлбөртэй холбогдолтой бүх зардлыг оруулна.  Үүнд олон улсын аялал, аяллын үеийн тэтгэмж, гэнэтийн ослын даатгал, хоол, байрны зардал гэх мэт.

-Суралцах мэргэжлийн чиглэл дээр тодорхой чиглэл зааж өгсөн байдаг уу. Ямар сургуульд ямар мэргэжлээр суралцахаа өөрөө сонгох боломж хэр байдаг вэ?

-Фулбрайтын оюутны хөтөлбөрт мэргэжлийн бүх чиглэлээр өргөдөл гаргах боломжтой. Хоёр орны системийн ялгаа, онцлогоос хамааран дараах хоёр салбарт зөвхөн нэг нэг чиглэлээр суралцах боломжтой байдаг. Тухайлбал, хуулийн чиглэлээр Олон улсын хууль, эрүүл мэндийн чиглэлээр Нийтийн эрүүл мэнд гэх мэт. Харин бусад салбарт дээр хэлсэнчлэн чиглэл харгалзахгүй.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын шатанд өргөдөл гаргагч нь АНУ-ын ямар нэгэн их, дээд сургуульд тэнцсэн байх шаардлагагүй. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцоод  нэр нь дэвшсэн тохиолдолд аль сургуульд ямар хөтөлбөрт хамрагдахаа Фулбрайтын хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран тодорхойлдог.

-Сүүлийн жилүүдэд нийгэмд эрэлттэй мэргэжлийн чиглэлүүд их өөрчлөгдөж, өргөжиж байгаа. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцдаг эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөрийн ижил бүх чиглэлээр зарлагддаг. Дээр нь Монгол Улсын Засгийн газраас жил бүр тэргүүлэх чиглэлийг шинэчлэн нэмж заадаг.  Үүнд Монгол Улсад эрэлттэй боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн инженер гэсэн 9-10 мэргэжил багтдаг.

-Тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдод тавих нийтлэг шаардлага юу байдаг вэ. Мөн онцлон анхааруулах зүйл нь?

-Манай боловсрол болон мэргэжил дээшлүүлэх, зэргийн болон оюутан солилцооны дийлэнх хөтөлбөрийн хэрэгжилт АНУ-д явагддаг учраас англи хэлний тодорхой чадвартай байх шаардлагатай байдаг.  Иймд сонирхсон иргэд хэлний мэдлэгтээ анхаарч, бэлтгэлээ сайн хангахыг  зөвлөж байна.

Мөн хоёр орны Засгийн газруудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжиж буй учраас боловсролын зэргийн хөтөлбөрт оролцогч нь хөтөлбөрийнхөө хугацаанд зөвхөн академик хөтөлбөртөө анхаараад зогсохгүй улс орныхоо элч төлөөлөгч байж, хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын харилцаанд хувь нэмрээ оруулдаг. Хөтөлбөрийн дараа ч оролцогч нь АНУ-д эзэмшсэн мэдлэг чадвар, туршлагаараа эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүрэгтэй байдаг. Тиймээс АНУ-д суралцах хүсэлтэй оюутнууд идэвхтэй, санаачлагатай хичээнгүй байх хэрэгтэй.

-АНУ-ын ЭСЯ тэтгэлгийн өргөдлөө хэрхэн хүлээж авдаг бол. Зарим байгууллага өргөдлийн маягтаа цахим шуудангаар авдаг. Харин зарим нь цаасаар хүлээж авах, холбогдох баримт бичгүүдийг хавсаргасан байх шаардлагатай гэдэг. Тиймээс өргөдөлд тавих шаардлагуудын талаар мэдээлэл өгөөч?

-Хөтөлбөр болгон харилцан адилгүй.  Цаасаар, онлайнаар эсвэл и-мэйлээр хүлээж авдаг. Дийлэнх хөтөлбөр нь орон нутгаас чөлөөтэй оролцох боломжоор хангах үүднээс онлайн, и-мэйл өргөдлийн материал ашигладаг. Фулбрайтын оюутны хөтөлбөрийн хувьд энэ жилээс шинэ системээр дамжуулан онлайнаар өргөдлөө авч эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан сонирхсон иргэдэд өргөдлийн материалаа ЭСЯ-ны веб сайт дээрх хөтөлбөрийн зарлал дээр дурдсан заавраар илгээх, мөн цахим өргөдлийн материалтай сайн танилцсаны дараа бүрэн зөв илгээхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)