БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.

Элчин сайд Р.Делгадо Монгол Улсын Засгийн газар коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг сайшаагаад дэлхий нийтийг хамарсан эл цар тахлын эсрэг хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрээр коронавирусний тархалтыг хязгаарлах талаар Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Куб улс Итали, Испани, Андорра, Венесуэл болон Латин Америк, Карибын тэнгисийн хөрш орнуудад 850 гаруй эмч, сувилагч нарыг илгээсэн байна.

2020 онд Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)