ҮР БҮТЭЭЛТЭЙ СУРАГЧИЙН 9 ДАДАЛ

Хэрхэн шилдэг сурагч байх вэ? Яаж сайн дүн авах вэ? Яаж мэдлэг, чадвартай болох вэ? гэж сурагч бүр боддог шүү дээ. Гэхдээ яаж, хаанаас, юуг хийж би онц сурах вэ? гэдгээ мэдэхгүй байсаар нэг л мэдэхэд төгсөх ангийн сурагч болох нь олонтаа.

Харин энэ бүгдийг чадваргүйдээ, толгой муутайдаа, залхуудаа, тууштай биш зан чанартайгаа  холбож өөртөө бууж өгсөөр байгаа хэн нэгэнд хаанаас эхлэх хэрэгтэйг энэ удаа зөвлөж байна. Чиний багахан хичээл зүтгэл, идэвхи чармайлт өөрийг чинь хэрхэн өөрчилж чаддаг болохыг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна.

1. Мэдээлэл бол мэдлэг биш

Багш бидэнд мэдлэгийг бүтээж өгөх гэж биш мэдээллийг өгөх гэж хичээл ордог гэдгийг санаарай. Багшийн хичээл дээр ярьсан богинохон мэдээлэл магадгүй тухайн мэдээллийн нэг ч хүрэхгүй хувийг эзлэх бөгөөд үүний талаар  ном, сонин, интернэтээс хайж, судалж, уншиж суралцах нь чамд жинхэнэ мэдлэгийг бий болгож байгаа хэрэг юм. Харин хичээл дээр багшийн ярьсан зүйлийг мэдлэг хэмээн андуурч хурдан мартаад байгаагаа асуудал хэмээн бодох шаардлагагүй гэсэн үг. Тиймээс мэдлэгтэй сурагч мэдээлэлтэй сурагч хоёр их ялгаатай гэсэн үг шүү. Сонссон мэдээллээ уншиж, судалж, өөрийн болгож хэвшээрэй.

 

2. Анхаарлаа удаан төвлөрүүлж сурах

Аливаа нэг зүйл дээр удаан төвлөрөх чадвартай хүн дэлхийд хамгийн үнэтэй мэргэжилтэн болж байгаа тухай сонссон уу?  Бүх зүйл асар хурдацтай хөгжиж, сатаарах зүйл ихтэй болсон энэ үед төвлөрөх чадвар хамгийн чухалд тооцогддог болсон бөгөөд энэ чадварыг бага наснаасаа л суралцах нь их чухал юм. Хичээлээ хийх үедээ фэйсбүүк ордоггүй, зурагтаа унтрааж чаддаг байх нь чамайг энэ чадварт суралцуулах хамгийн энгийн арга юм. Хичээлээ хийх үедээ хичээлээ л хийгээрэй. wink Ээж, аавдаа “Хичээлээ хийх үед минь  битгий саад болоорой” гэж ярилцаад энэ бүгдийг шийдэж болно шүү дээ. Тэд мэдээж чамайг дэмжинэ.

3. Ажлаа төлөвлөж сурах

Үр бүтээлтэй сурагч бол цагийг маш сайн ашиглаж чаддаг нэгэн. Тэр нь бүх үед завгүй байна гэсэн үг огт биш бөгөөд хийх ёстой ажлаа хийгээд дуусчихсан бол үлдсэн цагийг дуртай зүйлээ хийж өнгөрөөж болно гэсэн үг. Ажлын төлөвлөгөө гэдэг заавал тэр цагт энийг хийнэ, тэрийг тэгж хийнэ гэж төлөвлөхөөсөө илүүтэй өнөөдөр эдгээрийг заавал хийж дуусгана гэсэн ажлын жагсаалт гэсэн үг юм. Ингэснээр орхигдуулсан гэрийн даалгавар, ажлын чинь тоо цөөрч чамайг илүү хариуцлагатай нэгэн болоход тусалж байгаа хэрэг юм.

4. Боломжийг хэзээ ч битгий алд

Хааяа интернэтэд тааралдсан нэг уралдаан, тэмцээн, сайн дурын ажил байгааг хараад би чадахгүй юм чинь гэж битгий хойш суугаарай.  Шагналын сан нь бага юм чинь гэж битгий голоорой. Харин оролцож болох бүхий л зүйлсдээ өргөдлөө явуулж, хүсэлтээ илгээж, эссегээ бичих нь дараа дараагийн зүйлсд бэлдэх туршлага болохоос гадна өөрийгөө үнэлэх шалгуур болж байгаа юм. Нэг л боломжийн хаалгыг нээсэн байхад дараа дараагийн хаалга онгорхой байдаг юм шүү.

5. Чөлөөт цагаа ч үр бүтээлтэй өнгөрөө

Хувийн сургууль, улсын сургуулийн боловсролын чанар ялгаатай гэж ихэнх нь боддог. Хувийн сургуулийн хүүхдүүд мундаг, сайн байгааг хараад  "хэзээ би ийм мундаг болох бол оо?" гэж бодохын оронд чөлөөт цагаа ч гэсэн үр бүтээлтэй өнгөрөөж өөрийнхөө хүссэн түвшиндээ хүртэл суралцаж болно шүү дээ. Мэдээлэл, технологи хөгжсөн энэ үеийн хамгийн хүчирхэг хэрэгслийг ашиглаж ном уншингаа, кино үзэнгээ, дуу сонсонгоо, интернэтээс суралцаж болно.

6. Суралцах энгийн аргуудыг судлах

Өөрийнхөө онцлогт тохируулан суралцах арга барилаа олох нь суралцах үйл явцыг хялбарчилж, үр бүтээлийг хэдэн зуу дахин нэмэгдүүлдэг. Харин энэхүү аргаа олтлоо маш олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Уншиж, сонсож, харж, тэмдэглэж гэх мэтчилэн өөрийн бүхий л чадварыг ашиглан суралцах нь үр дүнтэй юм.


 

7. Зорилготой байх

Зорилго гэдэг үргэлж хүнийг дотроос нь асааж, урам зоригтой, эрч хүчтэй байхад тусалдаг далдын хүч. Чиний үр бүтээлтэй суралцах үйл явцыг илүү утга учиртай, азжаргалтай, эрч хүчтэй байхад зорилго л тусална. Зорилготой байснаараа бид юу руу явж байгаагаа мэднэ, амьдралаа ямар нэг зүйлд чиглэлж байгааг мэдэрнэ.

8. Өглөө эрт босох

Өглөө эрт босож хичээлээ бэлдэх нь шөнө унталгүй бэлдсэнээс гурав дахин илүү ач тустай байхаас гадна тархины үйл ажиллагаа сайжирч, сэргэг, тогтоож хүлээн авах чадвар хэвийн үеийнхээс илүү байдаг байна. Гэхдээ үүгээрээ "орой биш өглөө л хичээлээ хий" гэсэн үг биш шүү. Өөрөөр хэлбэл чи унтахаасаа өмнө хийсэн хичээлээ өглөө эрт босож бататгаж бай. Ялангуяа шалгалт дөхсөн үед үүнийг заавал хэрэгжүүлээрэй. Өсвөр насны хүүхдүүд хоногт 8-10 цагийн нойртой байхад хамгийн тохиромжтой гэж сэтгэл судлаачид үздэг. Тиймээс 10 цагт унтаад 6 цагаас босох нь 12 цагт унтаад 8 цагт сэрэхээс хэдэн зуу дахин үр бүтээлтэй юм.

9. Өөртөө үргэлж итгэх

Бүх зүйлийн амжилтын үндэс өөртөө итгэх итгэлээс эхлэнэ. Аз туршсан гэхээсээ илүү өөрийнхөө чадварт итгэсэн, чадна гэсэн итгэлтэйгээр хийсэн бүх ажлын үр дүн таамагласнаас ч илүү өндөр үр бүтээлтэй байдаг байна. Өөрийгөө урамшуулж, шүүмжилж чаддаг байх нь амжилтын гол үндэс юм. Чадахгүй байгаа зүйлээ сайн хийж чаддаг болтлоо шүүмжлэлтэй хандаж, сайн хийсэн зүйлээ магтаж урамшуулж сурах хэрэгтэй шүү.

Үр бүтээлтэй сайн суралцагч болохын тулд зарчимч байж, ямарваа нэгэн зүйлийг хийнэ гэж өөртөө амласан бол өөрийгөө хууралгүй заавал хийхийг эрмэлзээрэй. Чамд зайлшгүй сайн үр дагавар гарах нь гарцаагүй юм.

Үр бүтээлтэй сурагч болоход чинь амжилт хүсье, найзууд аа!

Сэтгэгдэл:
Таны IP: (44.205.5.65)