"COVID-19": Халдварын тоогоор Хятад, Итали, АНУ тэргүүлж байна

Европт коронавирусний халдвар эрчимтэй тархаж байна. Өвчний дэгдэлтийн гол цөм болсон Европын бүсэд өчигдрийн байдлаар нийт халдварын 77 хувь нь бүртгэгдэж, Испани, Герман, Итали, Францад тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгааг ЭМЯ-ны өчигдрийн мэдээлэлд дурдлаа.

ДЭМБ-ын бүс нутаг хариуцсан захирлууд, ЭСЯ болон дипломат албадын тэргүүнийг оролцуулсан цахим хурлыг зохион байгуулсан байна. Энэхүү хурлаар коронавирусний халдвар нь эв нэгдлийн шалгуур болж байгааг онцолжээ. Халдварыг амжилттай даван туулахад хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэсэн гэв.

Цар тахлын үед бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, эв нэгдэлтэй байх нь энэ өвчний ард гарах гарц юм гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолжээ.

Европ тивд 24 цагийн дотор 7000 гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол 13.3 хувиар нэмэгджээ. Италийн коронавирусний халдварын голомт болоод байгаа Хойд Ломбарди мужид нөхцөл байдал маш хүнд байгаа аж. Италийн Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ хорио цээрийн дэглэм хангалттай чанга байж чадахгүй байгаа учир хорио цээрийг чангатгах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байна. Тэрээр мөн Италид хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрээс бусад бүх үйлдвэрийг хаахаа мэдэгджээ. Турк улсад ч мөн халдвар эрчимтэй тархаж, илрүүлэг, оношилгооны ажил эрчимтэй явагдаж байгаа юм.

Улс орнууд нислэгээ цуцалж байна. Тухайлбал, Нидерланд улс Испаниас өөрийн иргэдээ татаж авахаас өөрөөр онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Их Британид халдварын тоо хоногт 1000 гаруйгаар нэмэгджээ.

Коронавирусний халдвараар өвчилж буй хүмүүс нь 41-64 насны, архаг өвчинтэй болон өндөр настан, хорт хавдраар өвчилсөн болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд байгаа аж.

 

АНУ “COVID-19”-ийн халдварын тоогоороо Хятад болон Итали улсын дараа гуравдугаарт орж иржээ. Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улсад коронавирусний халдварын тоо 25493 болж нэмэгдсэн байна. Нас барсан хүний тоо 307 болжээ. Америкийн Нью-Йорк мужид л гэхэд хоногт 3254 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.

АНУ-д эмнэлгийн ажилтнууд амны хаалтын хомсдолд ороод байгаа юм. Иймээс эмнэлгийн ажилтнуудад банда алчуур, ороолт зэргийг ашиглахыг зөвлөжээ. Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мөн гар аргаар хийсэн амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн ч ийм амны хаалт нь вирусний халдвараас сэргийлж чадах эсэх нь тогтоогдоогүйг хэлжээ.

АНУ-д коронавирусний халдварын улмаас гэр бүлээрээ нас барах эмгэнэлт тохиолдол олноор бүртгэгдэх болсон. Нью Жерси мужид л гэхэд 73 настай Грейс Фаско гэгч эмэгтэй гурван хүүхдийн хамтаар нэг долоо хоногийн дотор корнавирусний халдвараар нас барсан байна. “The Mirror” сонинд мэдээлснээр, талийгаач Грейс Фаско 11 хүүхэд, 27 ач, зээтэй байжээ. Өнгөрсөн долоо хоногт түүний охин, хүү хоёр 55 насандаа нас барсан бол Грейс Фаско хожим мөн мөнх бусыг үзүүлжээ. Түүний биеийн байдал хүнд байсан бөгөөд хүүхдүүдээ нас барсныг мэдээгүй өнгөрсөн байна. Өнгөрсөн пүрэв гарагт түүний гурав дахь хүүхэд мөн халдварын улмаас нас барсан байна. Тус гэр бүлийн бусад гишүүд тусгаарлагдаад байгаа бөгөөд шинжилгээний хариу хүлээж байгаа аж.

Сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 263 мянган хүн коронавирусний халдвар авснаас 11 гаруй нь нас барж, 88 мянга гаруй өвчтөн эдгэрчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.121.230)