Тусгаарлалтад байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 цэгт 1734 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарлагдсан иргэдээс ирж буй санал хүсэлтийг үндэслэн 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар шийдвэрлэсэн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: “Монгол Улс дөрвөн удаагийн тусгай хуваарьт нислэгээр 986 иргэнээ эх орондоо авчирлаа. Дөрөв дэх удаагийн нислэгээр өнгөрсөн шөнө Истанбулаас ирсэн 252 иргэн, 15 албаны хүн, нийт 267 хүнийг тусгаарлах ажиллагаа 04 цаг хүртэл үргэлжиллээ. Тэднийг Зүч зочид буудал, ОБЕГ-ын Жаргалант сувилал, Бага Баян цогцолбор, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна” гэв.

Авто замын долоо, төмөр замын гурав, агаарын замын нэг, нийт 11 боомтоор орж гарсан дөрвөн орны 981 зорчигч, 557 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлжээ.
Үүнээс 332 монгол иргэнийг тусгаарласан байна. Эх орондоо ирэх иргэдийг Алтанбулаг, Цагаан нуур боомтоор улсын хил нэвтрэхийг УОК-ын Шуурхай штабаас зөвлөж байна.

Тусгай хуваарьт нислэгээр ирсэн зорчигчдын ачаа тээшийг каргод 14 хоног байршуулна. Харин иргэдээс ачаан дотроосоо юм авна гэж танил талаараа яриулж байгаа ч энэ боломжгүй зүйл гэдгийг Шуурхай штабын дарга анхаарууллаа.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: “Тусгаарлах байранд эд материал, хоол хүнс оруулах 225 дуудлага ирсэн. Иргэдийн санал хүсэлтийн дагуу 14 хоногт нэг удаа 10-16 цагийн хооронд эргэлт оруулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ халдвар хамгааллын дүрэм журмыг нарийн мөрдөнө. Оруулах боломжтой эд материал, эм, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг УОК баталсан. Тусгаарлах байранд байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй бол хатуу шийтгэнэ. Мөн УОК-ын заавар зөвлөмжийг дагахгүй, дур мэдэн шийдвэр гаргаж байгаа доод түвшний удирдлагуудад хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Тусгаарлах байр хоол муутай байна гэсэн гомдлын дагуу Шуурхай штабын дарга өнөөдөр тусгаарлах байруудад ажиллаж хяналт шалгалт хийнэ. Гэвч зочид буудалд бус онцгой байдлын үед тусгаарлалтад байгаагаа ухамсарлаж ойлгохыг иргэдээс хүслээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)