Д.Сумьяабазар: Шатахууны үнийг 200 хүртэлх төгрөгөөр үе шаттай буулгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, шатахуун жижиглэнгээр борлуулах үнийг литр тутамд 50 төгрөгөөр, цаашид дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан 200 хүртэл төгрөгөөр үе шаттай багасгах чиглэл өгсөн тухай УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээлэв. 

Шинэ коронавирусын халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбоотой олон улсын зах зээлд биржийн ханш унасан. Ингэснээр нэг баррель газрын тос оны өмнө 64-65 ам.доллар байсан бол нэгдүгээр сараас хойш ханш унасаар өчигдрийн байдлаар 28-22 ам.доллар болж буурчээ. Тиймээс эхний ээлжинд өнөөдрөөс шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулж байгаа аж.

Цаашид УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүд хамтран шатахууны жижиглэнгийн үнийг дөрөвдүгээр сарын 15-ныг гэхэд литр тутамд нь 200 төгрөг хүртэл багасгахаар ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээлэлдээ онцоллоо.

Тэрээр, “Газрын тосны үнэ зах зээлийнхээ хамгийн доод ханшдаа хүрсэн. 1978 онд 18 ам.доллар байсан бол 2001 онд АНУ-ын ихэр цамхаг халдлагад өртсөний дараа 22-23 ам.доллар болж буурсан. Шатахуун нь ханш өөрчлөгдсөнөөс сарын өмнө импортлогддог. Тиймээс сарын дараах үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурна” гэв. 

УУХҮЯ, АМГТГ шатахууны импортлогч ААН-үүдтэй хамтран газрын тосны үнэ түүхэн дэх хамгийн бага үедээ байхад боломжит байдлаар нөөцлөхөөр ажиллаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)