"Ghibli" студийн сэтгэл татам бүтээлүүд тун удахгүй...

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа хэрэглэгчдээ дэлхийн хэмжээний чанартай бүтээлүүдээр хангадаг Netflix компанийн хамт олон бидэнд дуулгах дахин нэг сайн мэдээтэй гэнэ. 

Энэ оны дөрөвдүгээр сарын нэгэнд "Ghibli" анимейшн студийн сүүлчийн долоон кино Netflix сайтад тавигдах аж. Уг долоон бүтээл Netflix сайтад орсноор та бүхэн уг студийн нийт 21 бүтээлийг нэг дороос үзэх боломжтой болох юм. 

Хоёрдугаар сарын нэгэнд АНУ болон Канадаас бусад бүх улсын Netflix сайтад:

  • "Castle in the Sky" (1986)
  • "Kiki’s Delivery Service" (1989)
  • "My Neighbor Totoro" (1988)
  • "Ocean Waves" (1993)
  • "Only Yesterday" (1991)
  • "Porco Rosso" (1992)
  • "Tales from Earthsea" (2006) зэрэг бүтээлүүд тавигдсан билээ. 

Харин гуравдугаар сард : 

  • "Nausicaa of the Valley of the Wind" (1984)
  • "Princess Mononoke" (1997)
  • "My Neighbors the Yamadas" (1999)
  • "Spirited Away" (2001)
  • "The Cat Returns" (2002)
  • "Arrietty" (2010)
  • "The Tale of the Princess Kaguya" (2013) зэрэг бүтээлүүд тавигдсан. 

Тэгвэл дараагийн буюу дөрөвдүгээр сарын 1-нээс дараах уран бүтээлүүд цацагдах аж. Үүнд: 

  • "Pom Poko" (1994)
  • "Whisper of the Heart" (1995)
  • "Howl’s Moving Castle" (2004)
  • "Ponyo on the Cliff by the Sea" (2008)
  • "From Up on Poppy Hill" (2011)
  • "The Wind Rises" (2013)
  • "When Marnie Was There" (2014)

Та бүхэн хоёр болон гуравдугаар сард тавигдсан дээрх 14 бүтээлийг аль хэдийнээ таалан соёрхоод амжсан гэж бодож байна. Ингээд дөрөвдүгээр сард Netflix сайтад тавигдах гэж буй бүтээлүүдтэй танилцацгаая. 

1. POM POKO (1994)
 
Найруулагч: Исао Такахата
Төрөл: Уран зөгнөл, уянгын
Үргэлжлэх хугацаа: 119 минут
Үйл явдал: Хотын зах хэсгийг хөгжүүлэх Шинэ Тама хэмээх томоохон төслийн эсрэг хэсэг бүлэг Тануки буюу элбэнх нар өөрсдийн ер бусын авьяас чадварыг ашиглан тэмцэх болно. 
Тайлбар: 1994 онд олны хүртээл болсон "Pom Poko" нь "Ghibli" студийн хамгийн алдартай бүтээлүүдийн жагсаалтад багтдаггүй ч маш сэтгэл татам түүхийг өгүүлдэг. Харамсалтай нь цаг уур болон аливаа өөрчлөлтөд өртөмтгий амьтдыг хамгаалж үлдэх нь улам л хэцүү болж буй өнөө үед энэхүү бүтээлийн илэрхийлэх гэсэн утга илэрхийлэмж нь улам л хүчтэй болоод байгаа билээ.

2. WHISPER OF THE HEART (1995)

Найруулагч: Ёошифүми Кондо
Төрөл: Хайр дурлал
Үргэлжлэх хугацаа: 121 минут
Үйл явдал: Мукайхара ахлах сургуулийн сурагч, номын хорхойтон Шизукү өөрийнх нь уншсан ном болгоныг уншиж явдаг залуу хөвгүүн Сэйжитэй танилцдаг. Хэдхэн хоногийн дараа Сэйжи хийлч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд хоёр сарын хугацаатайгаар гадаад явдаг. Түүний энэхүү мөрөөдлөө биелүүлэх гэсэн үйлдэл нь Шизукүд өөрийн зохиол бичих сонирхлоо хөгжүүлэх түлхэц болно. 
Тайлбар: "Whisper of the Heart" бол ижил нэрт манганаас сэдэвлэгдсэн, алдарт найруулагч Ёошифүми Кондог нас барахаас өмнө хийгдсэн "Ghibli" студийн цорын ганц бүтээл билээ. Уг уран бүтээл нь 1995 онд олны хүртээл болсон бөгөөд тухайн үедээ "Box Office"-д 3,1 тэрбум иэний орлого олж байсан аж. 

3. HOWL'S MOVING CASTLE (2004)

Найруулагч: Хаяо Мияазаки
Төрөл: Адал явдалт, гэр бүл
Үргэлжлэх хугацаа: 119 минут
Үйл явдал: Залуухан, үзэсгэлэнтэй Софи эцгийнхээ малгайн дэлгүүрт ажилладаг бөгөөд энгийнээс энгийн амьдралаар амьдардаг байв. Нэгэн өдөр эгчтэйгээ уулзахаар явах замдаа Хоултай санамсаргүйгээр тааралддаг. Софигийн гоо үзэсгэлэнд атаархсан шулам түүний гадаад төрхийг 90 настай эмгэний дүрд хувиргадаг. Хөрш зэргэлдээх хоёр улсын хоорондын дайнд баригдсан Хоул өөрийн ид шид, авьяас чадвараа ашиглан Софиг хуучин хэвэнд нь буцааж, энх тайван байдлыг сэргээхийн тулд чадах бүхнээ хийнэ. 
Тайлбар: Найруулагч Хаяо Мияазаки АНУ-ын Ирак руу хийх довтолгооныг эсэргүүцэн "Howl's Moving Castle" хэмээх уран бүтээлээ хийхээр болсон гэдэг. Дайн дажингийн эсрэг утга санаа, зураглалыг агуулсан энэхүү уран бүтээл АНУ-ын "Box Office"-оос ердөө 4,7 сая ам.долларын ашиг олсон ч "Ghibli" студийн түүхэн дэх хамгийн сайн бүтээлүүдийн нэгт тооцогддог. 

4. PONYO (2008)

Найруулагч: Хаяо Мияазаки
Төрөл: Адал явдал, инээдэм
Үргэлжлэх хугацаа: 101 минут
Үйл явдал: Далайн амьтдын хувьд эх газар бол хэзээд хориотой бүс байдаг. Гэвч адал явдалд дуртай, гэнэхэн алтан загасны гүнж Понёо өөрийн хаант улсаас зугтаж явахдаа эх газар амьдрах Сосукэ хэмээх хөвгүүнтэй танилцдаг. Дөнгөж найз болсон даруйдаа л Сосукэ түүнийг Понёо гээд нэрлэчихнэ. Харин Понёогийн хувьд хүн болж, эх газар дээр амьдардаг "хүн" найзтайгаа илүү их цагийг өнгөрөөхөөс өөр хүсэх зүйлгүй. Хачирхалтай нь Понёо Сосукэтэй хамт байх тусам улам л хүн шиг болж ирнэ. Тэдний адал явдал хэрхэн үргэлжлэх бол? 
Тайлбар: 2000-аад он бол "Ghibli" студи болон "Box Office"-ийн хувьд гайхалтай он жилүүд байсан гэж хэлж болно. "Kimi no Na wa" буюу "Чиний нэр" хэмээх бүтээл олны хүртээл болохоос өмнө "Ponyo" "Howl's Moving Castle" болон "Spirited Away" нарын дараа орох бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой бүтээлд тооцогддог байсан билээ. 

5. FROM UP ON POPPY HILL (2011)

Найруулагч: Горо Мияазаки
Төрөл: Уянгын, гэр бүл
Үргэлжлэх хугацаа: 91 минут
Үйл явдал: Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс орчин үеийн хөгжлийн үе шатандаа орно. Исого ахлах сургуулийн сурагч, 16 настай Уми Мацузаки сургуулийнхаа сонины дугуйлангийн гишүүн Шүн Казаматай танилцана. Тэд хааяа уулзаж, дугуйлангийн байрыг хамтдаа цэвэрлэдэг байлаа. Нэгэн өдөр тэдний суралцдаг ахлах сургуулийн захирал дугуйлангийн байрыг нурааж, дахин шинэчлэлтэд оруулах шийдвэр гаргахад тэд захирлынхаа бодлыг өөрчлөхөөр хичээнэ.
Тайлбар: "From Up on Poppy Hill" нь ижил нэрт манганаас сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд "Ghibli" студийн хамтран үүсгэн байгуулагч Хаяо Мияазакигийн хүү Горо Мияазакигийн найруулсан бүтээл билээ. 

6. THE WIND RISES (2013)
 
Найруулагч: Хаяо Мияазаки
Төрөл: Намтар, Уянгын
Үргэлжлэх хугацаа: 126 минут
Үйл явдал: Жиро Хирошики үргэлж л нисгэгч болохыг мөрөөддөг байсан ч ойрын хараа муутайн улмаас мөрөөдлөө орхих шаардлагатай болно. Нэгэн шөнө Жиро алдарт нисэхийн инженер Жиованни Баттиста Капрони өөртэй нь уулзаж, онгоцоор нисэхээс онгоц бүтээх нь илүү сайхан байдаг гэж зөвлөж байгаагаар зүүдэлдэг. Ингээд Жиро өөрийн нисгэгч болох мөрөөдлөө инженер болох мөрөөдлөөр сольж, Японы эзэнт гүрэнд онгоц зохион бүтээж өгөх болно. 
Тайлбар: Хаяо Мияазаки 2013 оны есдүгээр сард зодог тайлсан бол "The Wind Rises" нь түүний хамгийн сүүлчийн найруулагчаар нь ажилласан бүтээл байсан юм. 

7. WHEN MARNIE WAS THERE (2013)

Найруулагч: Хиромаса Ёонебаяаши
Төрөл: Уянгын, гэр бүл
Үргэлжлэх хугацаа: 103 минут
Үйл явдал: Анна Сасаки хэмээх 12 настай, бүрэг ичимхий охин өргөмөл эцэг эхтэйгээ амьдардаг бөгөөд нэгэн өдөр астма өвчин нь сэдэрдэг. Эцэг эх нь эмчийн зөвлөснөөр Аннаг зуны амралтаараа цэвэр агаар бүхий хөдөө талд аваачдаг. Нэгэн өдөр  охин зэргэлдээх харшид очоод Марни хэмээх урт шаргал үстэй охинтой танилцдаг. Марнитай илүү их цагийг хамт өнгөрөөх тусам асрамжийн газар болон гэр бүлийнхээ талаар илүү ихийг мэдэх болно. 
Тайлбар: Энэхүү бүтээл нээлтээ хийснээс хойш багагүй сайшаал магтаалыг хүртсэн ба 88 дахь Академийн шагнал гардуулах ёслолд "Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино" төрөлд хүртэл нэр дэвшсэн байдаг. 

Та "Ghibli" студийн дээрх бүтээлүүдийг 28 хэл дээр хадмалаар үзэх боломжтой бол 20 хэл дээр дуу оруулгатайгаар үзэх боломжтой байна. 

"Ghibli" студиэс бидэнд барьсан бас нэгэн бэлэг нь хоёрдугаар сарын 21-нээс Spotify, Apple Music, Amazon Music, Google Play Music, Youtube Music зэрэг хөгжмийн стриймингүүдэд "Ghibli" студийн анимуудын 693 дуу бүхий 38 цомог байршсан явдал билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.84.213)