Жимсийг хэрхэн "соёлтой" идэх вэ?

Бид өмнөх дугаараараа зоогийн газарт хоолыг хэрхэн соёлтой идэх талаар зөвлөгөө өгсөн билээ. Тэгвэл энэ удаад жимсийг хэрхэн соёлтой идэх талаар зөвлөгөө өгөх гэж байна. 

Ресторанд хоол идсэний дараа зууш дагалдаж ирдэг. Хөнгөн зууш ирэх хүртэл зөв зохистой хооллосон хэрнээ зуушин дээр жимс ирэх үед гэртээ байгаа юм шиг гараараа бариад зулгааж, хазаж идэх нь туйлын зохимжгүй явдал билээ. Ресторанд албаны уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр жимс идэхдээ ч соёлтой байх хэрэгтэй шүү охид, залуусаа!

1. Тарвасыг хэрчим болгон зүсэж, цайны халбага юм уу жимсний сэрээгээр иднэ.

2. Амтат жүржийг угаасны дараа жижиг цагираг хэлбэрээр зүсэн гартаа барьж хальснаас нь салган авч иднэ. 

3. Усан үзмийг ишнээс нь салган таваг дээр тавьж ширхэг ширхэгээр нь авч иднэ. 

4. Интоор жимсийг үхрийн нүдийн адил ишнээс нь барьж иднэ. Ясыг нь жимсний халбагаар тосож аваад тавагныхаа захад тавина. 

5. Гүзээлзгэнийг ишнээс нь барьж нунтагласан элсэн чихэрт дүрж иднэ.

6. Нимбэгийг жижиг хэрчмээр зүсэж зориулалтын жижиг сэрээгээр кофе юм уу, цайны шилэн аяганд хийж халбагаар шүүсийг нь шахсаны дараа тавагны захад тавина.
 

7. Тоор, чавга, бөөрөлзгөнө жимсийг дундуур нь зүсэж хутга, сэрээгээр том үрийг авч гаргаад иднэ.

8. Алимыг дөрвөн хэсэг болгон зүсэж хутга, сэрээгээр цэвэрлэж иднэ.

9. Хан боргоцойг болсон эсэхийг өнгө зүсээр нь биш үнэрээр нь мэднэ. Мөн гараараа дарахад үл мэдэг хонхойдог. Зүссэн хан боргоцойг жимсний сэрээ, хутгаар гурвалжлан хэрчиж иднэ. Мөн ихэнх зоогийн газрууд хан боргоцой, амтат гуа, тарвас зэрэг усархаг жимсийг зочдод төвөггүй зооглоход зориулан таллан бэлдэж тавагласан байдаг. Иймэрхүү жимсийг идэхэд зориулж шовх үзүүртэй халбага эсвэл ердийн жижиг халбага тавьсан байдаг.

10. Авакода жимс нь самартай төстэй амттай, зууш, ногооны саладанд хийхэд тохиромжтой. Хоёр хэсэг хувааж хутгаар үрийг нь гарган авч зөөлөн хэсгийг нь жимсний халбагаар хананд нь байх гашуувтар давхарга хүртэл нь хутган иднэ.

11. Гадил жимсэнд витамин, эрдэсийн давс агуулагдана. Гэдэс, ходоодны өвчинг анагаахад хэрэглэнэ. Хальснаас нь цэвэрлэж цайны юм уу жимсний халбага болон сэрээгээр иднэ.

12. Тарвасыг гараар барилгүй хутга сэрээгээр хэсэг хэсгээр зүсч жижиг хутганы үзүүрээр үрийг нь цэвэрлэж иднэ. Амтат гуаг хальснаас нь салгаад бүтнээр нь тавьсан байвал дөрөв хуваагаад хэрчим хэрчмээр нь зүсч сэрээгээр барьж иддэг. Хэрэв амтат гуаг таллаад дотор нь ямар нэгэн шанз хийсэн байвал жижиг халбагаар утгаж иднэ.

13. Жимсийг нийтийн том саванд хийж тавьсан бол хүн бүр сонгон авч тус тусын таваг дээр тавьж иднэ. Эсвэл жижиглэсэн хэсгээр нь шилэн саванд юм уу том хундаганд хийж ширээн дээр тавина. Хүн бүрт өгсөн цөцгийтэй мөхөөлдөс, нунтагласан элсэн чихэр цацсан гүзээлзгэнэ зэрэг бусад амттанг жимсний халбагаар иднэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.168.209)