АН-ын зөвлөл зээлийн хүү бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжихийг шаардав

УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын улмаас эдийн засагт үүсэх хүндрэлээс сэргийлэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Уг шаардлагыг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр олон нийтэд танилцуулсан юм.

Шаардлагад улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах, 2020 оны төсвийн тухай хуулийг өөрчлөн, үлдсэн саруудад экспортод гаргах нүүрсний хэмжээгээ дахин тооцоолох, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцааж, Эрсдэлийн сан байгуулах асуудлыг тусгажээ. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэн яаралтай бууруулах, хүн амын орлогыг дэмжих санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардсан байна.

УИХ-ын АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Улс орон бүр цар тахлын үед эдийн засгаа хамгаалах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, АНУ эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг олгохоо амласан. БНСУ 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай төсөв баталлаа. Монгол Улс төсөвтөө тодотгол хийж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол 200-250 мянган хүн ажилгүй болох эрсдэлтэй. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний хоёр сард 697 тэрбум байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 92.6 тэрбумаар буурсан үзүүлэлт. Түүнчлэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 253.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гадаад худалдааны орлого ч буурч байгаа. Тиймээс эдийн засгаа хамгаалах ёстой” хэмээв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.82.20.97)