Жаргалантын аманд тусгаарлагдсан иргэд "халуунаа үзүүлэхгүй" гэжээ

ЭМЯ-наас COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээг /2020.02.29ний 11:00 цаг/ өгч байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлтэй бүс нутгаар явсан хүмүүс болон халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн иргэдийг тусгаарлан хянаж байгаа. Гэвч зарим иргэдийн зүгээс эмч, ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэх, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байх, "халуунаа үзүүлэхгүй" зэргээр эсэргүүцэх үйлдэл гаргаж байгааг ээлжит мэдээллийн үеэр онцоллоо. Хамт явсан хүмүүс дотор нь халуурсан шинж тэмдэгтэй хүн байхад заавал гэр бүлээрээ тусгаарлагдана гэж эсэргүүцсэн иргэд ч гарчээ. Тухайлбал, Өмнөд Солонгосоос ирсэн 17 иргэнийг Жаргалантын аманд сургалтын төвд тусгаарлагдаад байгаа юм. 

Иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэхгүй байх, тогтоогдсон дүрэм журмыг дагахыг иргэдэд уриалж байна. Мөн шаардлагыг эсэргүүцсэн, асуумжийг худлаа мэдүүлсэн хүмүүст Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоо мэдэгдлээ. 

Гэхдээ иргэдийн дийлэнх нь коронавирусийг эх орондоо оруулж ирэхгүй байхын төлөө хийж байгаа бүх ажлыг ойлгож, чадах чинээгээрээ дэмжиж байгаа, өөрийн санаачлагаар эмнэлэгт амны хаалтаа зүүж ирээд үзлэгт орж байгаа иргэд ч байгааг хэллээ. Иргэн бүрийн үүрэг оролцоо, хариуцлага энэ цаг үед нэн чухал гэдгийг дахин санууллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.159)