“Төрийн бус байгууллагуудын албан паспорттай хүмүүсийн тоог цөөлмөөр байна”

“Төрийн бус байгууллагуудын албан паспорттай хүмүүсийн тоог цөөлмөөр байна”

Дипломат албаныхан хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдож, Монгол Улсын нэр хүндийг гадаад орчинд “шороотой хутгасан” үйл явдал удаа дараа болсон . Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэн явж байгаад Герман улсын хил дээр саатуулагдан баривчлагдсан байдаг.

Ингээд ч болоогүй хар тамхины хэрэгт холбогдсон хэрнээ дипломат албанд ажиллаж байгаа 36, төрийн албанд ажилладаггүй мөртлөө дипломат болон албан паспорт эзэмшиж байгаа 58 хүн хуулийн байгууллагад шалгагдсан, шалгагдаж байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлж байлаа. Тэрээр “Би байнгын хорооны даргын хувиар мэдээллүүдийг цуглуулж авсан. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хар тамхи болон тамхи бусад хэрэг зөрчилд холбогдсон хэрнээ өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны яам, тагнуул зэрэг яам, агентлаг, тамгын газрууд, төрийн байгууллагуудад ажиллаж байгаа 36 хүн бий. Мөн гадаад болон дотоодын хуулийн байгууллагаар шалгагдсан, шалгагдаж байгаа төрийн албанд ажилладаггүй мөртлөө дипломат болон албан паспорт эзэмшиж байгаа 58 хүний мэдээллийг нэгтгэж авсан. Энэ хүмүүсийн мэдээллийг ойрын хугацаанд ил болгоно” гэсэн юм.

Тэгвэл хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудыг албан ажлаас нь чөлөөлсөн гэдгийг холбогдох албаныхан мэдээлэв. Гэхдээ албан паспорт авдаг хүмүүсийн тоог цөөлөх шаардлагатай байгааг онцолж байна. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох үеэр энэ асуудлыг гишүүд хөндсөн юм. Энэ үеэр гишүүд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлыг тодруулж, хариулт авсныг товчлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хар тамхины хэрэгт холбогдож, улсын нэр хүндэд сэв суулгасан дипломатуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн. Дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон нь шившигтэй явдал. Энэ байдлыг засах ёстой. Бид холбогдох байгууллагуудтай хамтарч сургалт зохион байгуулж байгаа. Би НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохдоо хөгжиж буй орнуудын хар тамхины эсрэг тэмцэх ажилд өндөр хөгжилтэй орнуудад туслах хэрэгтэйг хэлсэн. Жижиг орнуудын ард иргэдийг хар тамхины асуудалд татан оролцуулаад байгааг хэлсэн. Мөн хяналт, зохион байгуулалт сайтай улс орнуудтай хамтарч ажиллахаар ярьж байгаа. Асуудалтай хүмүүст гишгэх газар үлдээхгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Дипломат албанаас халагдсан хүмүүст шүүхэд хандаад буцаад ажилдаа ор гэж зөвлөдөг юм уу. Байнгын хорооноос өгсөн чиглэл, үүргийг биелүүлэхгүй гэж харагдаад байна.

ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр:

-Нэгдүгээрт, хар тамхины хэрэгт холбогдож ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг шүүхэд гэж зөвлөөгүй. Хоёрдугаарт, Х.Даваадорж л шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон. Шийдвэр манай талд гарсан. Цаашид давж заалдах эсэхийг мэдэхгүй байна.

Ер нь төрийн бус байгууллагын хүмүүсийн тоог бууруулмаар байна. Хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй хүмүүс тамхи зөөж, буруу зүйл хийчихдэг. Үүнд нь дипломатууд өртөж байна. Та нар ямар ажил хийж айгаа вэ гэхээр “Бид нууц ажил хийж байгаа” гэж худал ярьдаг. Ингэж явсаар байгаад л ийм байдал үүсч байгаа шүү дээ. Асуудлын гол нь энэ. Хамгийн сүүлд Латвид хар тамхины хэрэгт холбогдсон хүн өмнө нь Астанад 2016 онд ажиллаж байсан. Ажиллаад ирснийх нь дараа нэг байгууллагын бичгээр албан паспорт авсан байгаа юм. Тэгээд асуудал үүсэхээр манайхаас халагдсан гэж мэдүүлдэг. Ийм байж болохгүй. Би дипломатуудаа өмөөрөөгүй. Асуудалд холбогдсон дипломатууд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Харин төрийн бус байгууллагын хүмүүсийн тоог цөөлөх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх талаас нь анхаарахыг хүсье.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Хариуцлагын асуудлыг чангаруулж байгаа юу?

ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр:

-Бид ёс зүйн болон сахилгын дүрмээ шинэчилсэн. Энэ дүрэмд тамхи зөөх, хэрэглэсэн бол шууд ажлаас нь халах заалт оруулж байгаа. Энэ асуудал дахин гарвал бид шууд хална. Шүүх дээр ч бид ялна. Мөн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөр батлуулсан. Албан тушаалын тодорхойлолтод дипломат албаны шалгалт өгөөгүй хүнийг яаманд болоод бусад албанд ажиллуулахгүй гэж заасан.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)