Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн бол ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй

Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн бол ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуульд нэр дэвшигч төрийн албанаас чөлөөлөгдөх хугацаа, хандивын талаар илүүтэй лавлаж, ухуулагчийн тоог багасгах талаар байр сууриа илэрхийлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Хуулийн төсөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн  хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон” гэв.  

Сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг  наймдугаар сарын 15-наас зогсоогоод аравдугаар сарын 15-наас нээнэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нэмж хариулав.

Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. 

Тухайлбал, Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нар  хуулийн төсөлд “сонгуулийн ирцийг 50+1 хувь байх” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)