“Үлэг гүрвэлийн олдворыг удахгүй Монгол руу ачуулна”

“Үлэг гүрвэлийн олдворыг удахгүй Монгол руу ачуулна”

АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад буцааж өгөхөөр болсон билээ. Өөрөөр хэлбэл, тус улстай “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн есдүгээр сард оролцсон юм.

Тэгвэл “Эдгээр үлэг гүрвэлийн яснуудыг мэргэжилтнүүдийн үзлэгт оруулж дууссан. Удахгүй Монгол руу ачуулна” гэдгийг АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Монгол Улсаас АНУ руу хууль бусаар борлуулахаар хил давуулсан 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан долоон олдворыг буцааж өгөхөөр болсон юм. Эдгээрийн дунд Алиорам тиранозаврын гавлын яс, Протосератопс үлэг гүрвэлийн бүрэн яс болон өндөгний үүр зэрэг маш ховор олдворууд байгаа тухай мэдээлэл бий.  Алиорам үлэг гүрвэлийн яс нь зөвхөн Монголын говиос олддог нэн ховор, гайхалтай тиранозаврын олдвор юм.

Өмнө нь АНУ-аас үлэг гүрвэлийн 23 олдворыг Монгол Улсад буцаан олгож байсан. Үүний нэг нь олны сайн мэдэх 2014 онд буцаан авч байсан Тарбозавр Батаарын олдвор юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)