Пауэрлифтингийн УАШТ-д 400 тамирчин өрсөлдөж байна

Пауэрлифтингийн УАШТ-д 400 тамирчин өрсөлдөж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөл (таталт, шахалт, түлхэлт)-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-10-нд болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд медалийн тавцанд гарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх өвөрлөх юм. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж, МПНХ-ны ерөнхийлөгч З.Буяннэмэх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга нар салбартаа үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан зарим хүнийг шагнаж урамшууллаа.

Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Азийн аварга, шүүгч О.Батбилэг, ДАШТ-ий хүрэл медальт Ш.Чанарав, Д.Мягмарпүрэв, Спортын алдар одонгоор МПНХ-ны менежер Б.Энхбаяр, Алтан-Од шагналаар Н.Цэцэгсайхан, Д.Баяржаргал нарыг шагнав. Мөн энэ үеэр олон улсын хэмжээний мастер цолыг гурав, спортын мастер цолыг хоёр, дэд мастер цолыг 12 тамирчин гардан авлаа. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид өнгөрсөн онд тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанаас 40 алт, 55 мөнгө, 45 хүрэл медаль хүртжээ. Тэгвэл энэ жилийн хувьд паралимпийн наадмаас алтан медаль хүртэх нь гол зорилго болохыг холбооны удирдлагууд онцолж хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)