Төгөлдөр хуурч С.Саянцэцэг нөгөөдөр тоглолтоо хийнэ

Шинэ оны мэнд. Нөгөөдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 4-нд олон улсын хөгжимчидтэй хамтарч тоглох гэж буй С.Саянцэцэг багшид амжилт хүсэж, хоёр жилийн өмнө бичсэнээ сонирхуулъя.

Сангийн сайн охин. С.Саянцэцэг багш шавь олонтой. Одоо Консерватори болсон, хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн бага, дунд, ахлах ангийн сурагчид, СУИС-ийн магистрын сургалтын гадаад оюутан, мөн хувийн сургалтад нь хамрагддаг төгөлдөр хуурч болох замыг сонгосон олон хүүхэд, залуус түүний эрдмээс суралцаж байна.

Хөгжмийн сургалтын орчин үеийн чиг хандлагаар гэх үү, багш шавь нараа “хувийн”, “хувьсгалын” гэж ялгадаггүй. Хуучны ЗХУ болон Монголд л хөгжмийн сургалтад мэргэжлийн, сонирхогч ялгавартай хандаж ирснийг тэрбээр буруушаадаг. Хөгжим л бол хөгжим, сурах л бол сурах гэсэн ойлголт байдаг болохоос биш, улсын эсвэл хувийн мэргэжлийн сургуульд сурдаг нь хөгжмийг сайн тоглодог болдог, харин хувиараа сурдаг нь чаддаггүй гэвэл өрөөсгөл болох аж. Саяа багш сонгодог хөгжмийн өлгий Европт мөрдлөг болсон уг зарчмаар аль ч сургуулийн шавь нартаа адилхан хандаж, шаардлага жигд тавьж ажилладаг юм билээ. Залхуурч, шантарвал хэн ч хөгжим тоглож сурахгүй. Авьяастай болоод хичээл, зүтгэл сайтай нь хаана сурахаас үл хамаараад хөгжимчин болж чадна ыгэж үздэг. Гэхдээ багш “Хөгжимд ам гардаггүй. Насан турш суралцдаг мэргэжил. Тоглох тусам шинэ юм олж мэддэг. Тоглоод үнэхээр хөгжим сонсгож чадаж байгаа бол тэр хөгжимчин. Түүнээс биш хуруунууд нь хар, цагаан даралт дээгүүр чөлөөтэй, гоё гүйж байгаа болгон хөгжимчин байдаггүй. Хөгжмийг хүн гэж ойлгох юм бол тэр амьтай, сэтгэлтэй, бүлээн дулаан, заримдаа уйтгар, гунигтай, тэр бүү хэл чимээгүй уйлах нь ч бий. Сонсогчдод үүнийг мэдэртэл тоглож байвал тэр хөгжимчин. Өөрөөр хэлбэл хөгжмийг хүний хэлээр яриулж, сэтгэхүйгээр сэтгүүлж чадаж байх аваас тэр хөгжимчин гэж үздэг. Сурагчдыг олон жилийн хөдөлмөрийн дүнд ийм болгох нь зорьсондоо хүрдэг багшийн ажил ажээ.

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь, Консерваторийн дэргэдэх Хөгжим бүжгийн коллежийн оюутан Мэргэншагайн тоглолт өнгөрсөн сарын дундуур Улсын филармонид болсон юм. Түүнээс тав хоногийн дараа багш, шавь хоёр Москвад очсон байв. Шавиа Орост алдартай Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид шалгуулахад тэнцэж хоёулаа бөөн баяр болсон байлаа. Коллеж төгстөл нь багшиллаа, цаашид яаж явах нь оюутны, эцэг эхийнх нь хэрэг гээд орхиж болох ч Саяа багшид тийм хүнийрхүү зан үгүй ажээ. “Шавь маань Хөгжмийн академид элсэх боллоо. Орос хэл мэдэхгүй учраас бэлтгэл курст орох нь. Төгөлдөр хуураараа бол тэнцлээ. Багш нь ОХУ-ын гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч, профессор Юрий Воганов юм байна” хэмээн бичсэн байсан. Ингэж бичиж байхад нь багшийн нүдэнд баярын нулимс цэлэлзэж байсан ч байж магад.

Саяа багш сүүлийн жилүүдэд эх орондоо ажилласан зургаан жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг зах зухаас нь үзэж эхлээд буй юм. Консерваторийн дэргэдэх Хөгжим бүжгийн коллежийн сурагчид нь сургуулиас зарласан уралдаанд байнга тэргүүн болон дэд байр эзэлж байна. Гуравдугаар ангийн сурагч, өмнө нь Испани улсад хоёр ч удаа олон улсын хөгжмийн наадамд тоглож, олон орны хөгжимчдийн хайрыг татсан найман настай О.Нандин нь энэ оны нэгдүгээр сард Москвад болсон суут С.Рахманиновын нэрэмжит олон улсын уралдаанд насныхаа ангилалд гуравдугаар байр эзэлсэн. Хамт очсон хүүхдүүдээс зургаан настай охин тусгай байрын шагналтан болсон. Дэлхийн хөгжимд үнэлж баршгүй байр суурьтай С.Рахманиновын нэрэмжит уралдаан гэдэг бол өөрөө чансаа, нэр хүнд билээ. Саяа багш чемоданы булан ч өргөж дийлэхгүй хэдэн “маамуу” дагуулаад олон улсын уралдаанд оролцуулна гээд онгоцны буудал руу гарахыг харахад хөгжим, урлагийн, шавь нарынхаа өсөлт, хөгжлийн төлөө ингэж явах хүн тийм олон билүү гэж бодогдож байсан юм.

Төгөлдөр хуурч, багш С.Саянцэцэгийн аав нь хөгжмийн нэртэй зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсан гэдгийг манай уншигчдын зарим нь мэдэх байх. Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг 1992 онд төгссөнөөс хойш Испани улсад суурьшин амьдарсан түүнд аав нь “Миний охин Монголдоо ирж хүүхдүүдэд хичээл зааж, гарын шавь төрүүлэх ёстой шүү” гэж захидаг байжээ. Аав нь гэнэтхэн өвдөөд тэнгэрт хальчих юм гэж төсөөлж ч байгаагүй охин нь тэр үед өөрийнхөөрөө зүтгэсэн. “Би Испанид төгөлдөр хуурчдын уралдаан, хөгжмийн их наадмыг монголчууд маань өргөнөөр оролцоосой гэсэн утгаар эхлүүлсэн. Олон ч багш, оюутан, сурагчид очиж оролцдог. Хүүхдүүдийн нүд нээгдээд сайхан болдог гэж багш нар ярьдаг. Түүнд нь урамшдаг, ийм арга хэмжээнүүд санаачилсны маань хэрэг гарч байна гэж ойлгодог. Тийм болохоор өөрийгөө Монголынхоо сонгодог хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж бодож сэтгэл өег амьдардаг. Таны хэлж байгаа зөв. Би эх орондоо ирж багшилж сайхан шавь нар төрүүлэх бодол үргэлж тээж явдаг” гэж хэлж байжээ.
Саяа багшийн сайхан аав өдгөө Бурхны оронд буй. Охин аавыгаа өөд болоход ээждээ хань болж амьдрахаар гэр бүлийн хүний хамт Монголдоо ирсэн. Багшаар ажиллаж эхэлснээс хойш зургаа дахь хичээлийн жилээ үдэж байна. Аав ээжийнхээ итгэж найдаж байснаар төгөлдөр хуурч болж, тэднийхээ цээж тэнэгэр амьдралын нэгээхэн шалтгаан нь болон амьдарч ирсэндээ С.Саянцэцэг сэтгэл дүүрэн байдаг. Хөгжмийн зохиолч аавынх нь хүсэл, зорилго Монголын хөгжим, тэр дундаа сонгодог хөгжим, нарийвчилбал төгөлдөр буюу төгөлдөржсөн хуур хөгжим дэх монгол хөгжим байсан. Харин тэрхүү монгол хөгжмийг Монголоо төлөөлөн дэлхийн улс орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглүүлж, мэргэжлийн ур чадвар харуулан тоглосоор яваа төгөлдөр хуурч С.Саянцэцэг хөгжимдөх урлаг гэдэгт яг л багш нар шигээ хатуу чанга ханддаг хөгжимчин. Бас багш нар шигээ хатуу чанга сурган хүмүүжүүлэгч.
Түүний багш нарын тухай хэлэхийн өмнө бяцхан Саяа хэрхэн хөгжмийн сургуулийн сурагч болсон түүхээс сонирхуулъя.

Саяа цэцэрлэгт байхын төгөлдөр хуураар аав шигээ гоё тоглохыг хүсдэг байв. Тэгээд ч аав ээж нь охиноо Хөгжим бүжгийн сургуульд оруулна гэж төлөвлөсөн байжээ. Гэтэл охиныг “Төгөлдөр хуураар тоглож байгаа юм байна, гэхдээ тэнцээгүй” гээд гаргасан байлаа. Тэгэхэд нь гайхсан ээж нь ааваас нь далдуур дагуулан Ардын жүжигчин С.Гончигсумлаад багшид шалгуулж гэнэ. Гончигоо багш цагаан толгойгоо илэнгээ “Ийм хүүхдийг яагаад авдаггүй юм” гээд сургуулийн захиргаанд бичиг хийж явуулжээ. Саяа ингэж дахин шалгуулж байж Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч болсон түүхтэй. Анхны багш нь Лепшан гэж эстони эмэгтэй. Тухайн үед ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар цувран нутаг буцахад охин сургуулийнхаа залуу багш нарын нэг Тувааны Цолмонгийн шавь болжээ. Удалгүй багш, шавь хоёр хоёулаа тоглодог болсон байна. Тоглодог гэж хэлэх нь учиртай. Хөгжмийн мэргэжлийн багш нар хичээлээ л заахаас тэр бүр тайзан дээр тоглож байдаг нь ховор. Харин Т.Цолмон үргэлж бэлтгэл сургуулилалт хийж, шинэ шинэ бүтээл тогломоор ирсэн бүтээлч багш юм. Тиймдээ ч Ардын жүжигчин цол хүртээгээ биз ээ.

С.Саянцэцэг 1-8 дугаар ангидаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан бөгөөд сургуулиас зохион байгуулж байсан бүхий л концерт, уралдаан, сургуулийн тайлан концертуудад тоглож байлаа. 1976 онд МАХН-ын XVII их хурал, Монголын Пионерийн байгууллагын дээд чуулганы Хүндэтгэлийн концертод тоглосон. ХБДС-ийн оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан “И.С.Бахын зохиолыг хэн сайн тоглох вэ” уралдаанд тэргүүн байр эзэлж аав ээжээ баярлуулав. Зургадугаар ангид байхдаа Монгол, Зөвлөлтийн уран бүтээлчид хамтран Улсын дуурь бүжгийн театрт тоглосон Төрийн хүндэтгэлийн концертодС.Рахманиновын Музыкальный момент №4 (ми минор)-ыг тоглосон. Дараа жил нь анх удаа гадаадад тоглож үзэв. Болгар улсын Софи хотод болсон Дэлхийн хүүхдийн Урлагийн их наадамд Монгол Улсаа төлөөлж оролцонФ.Листийн концертын этюд тоглож, дуучин хүү С.Алтан-Уяагийн концертмейстерээр ажиллав. Энэ бүхэн түүний тайзан дээрх амьдралын эхлэл байв.
С.Саянцэцэгийн гадаад улс орнууд дахь тоглолт хүүхэд насанд Болгар улсын Софи хот болон ЗХУ-ын нийслэл Москва хотоос эхтэй. П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулиа төгсч, Испани улсад амьдрах болсноор 1992 оноос Испани болон Европт тоглож эхэлсэн. Яван явсаар Хойд, Өмнөд Америк, Ази тивийн улс орнуудын театр, танхимуудад ч хүрч очив. Испани дахь анхны том концерт нь Мадридад 1994 онд болжээ. Тус улсад ийнхүү Монголын төгөлдөр хуурч анхлан тоглов. Энэ тоглолтын дараа “Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглож өгнө үү” гэсэн урилга нэгэн менежерээс хүлээж авснаар Мерида зэрэг хотод П.И.Чайковский болон С.Рахманинов нарын зохиол бүтээлүүдээс тоглосноор урам зориг орж, ингээд тоглоод байж болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болжээ. Цаашид олон олон хөгжмийн зохиолчийн бүтээлээс тоглох хэтийн зорилго, төлөвлөгөө гаргав. Тухайн үед 600 хүний суудалтай том танхим, гоё тайзнаа монгол хүн тоглох гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн анхаардын төвд байжээ. Үзэгчид багтахгүй болохоор танхимын арын өрөөнд хүмүүсийг суулгаад том дэлгэцээр сонсуулж байсан тухай Саяа дурслаа. Тэр үеэс бие дааж ажиллах, чөлөөт уран бүтээлч байхын амтыг мэдэрч эхэлсэн гэдэг.

Саяа, түүний нөхөр Ричард хоёр Мадридад суурьшиж эхэлснээр испани, франц хөгжмийн мэргэжил дээшлүүлэх хоёр жилийн курст Испанийн нэртэй төгөлдөр хуурч Гиермо Гонсалесын удирдлага дор 1994-1995 оны турш суралцаж төгссөн. Энэ багш Саяаг урьж үнэ төлбөргүй сургаснаар Испани, Францын төгөлдөр хуурын тоглолтын түүхтэй танилцах ховорхон боломж олдсон нь тэр байлаа. Багш өөрөө франц, нарийвчлан тодруулбал парис шкоолтой байсан нь маш их сонирхол татаж байжээ. Түүний курст суралцсанаар урын санд нь Испани, Францын зохиолууд нэмэгдэж орж ирлээ. Багшлах арга барилын хувьд ч гэсэн дэвшил гарсан. С.Саянцэцэг нэг бус удаа “Энэ том мэргэжилтэнтэй учрах ерөөлтэй байжээ” гэж өөрөө өөртөө хэлж байсан аж.

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн Испани дахь амьдрал, уран бүтээл санаснаар, үр өгөөжтэй байсныг тэрбээр “П.И.Чайковскийн” дунд, дээд сургуульд амжилттай суралцсантай холбож үзэж болно. Саяа П.И.Чайковскийн Консерваторийг “Цэвэр тав” дүнтэй төгссөн. Энэ амжилт бол түүний эрхэм хүндэт багш нар, тэдний дундаас онцолж дурдах дээд сургуулийнх нь багш М.Фёдоравагийн нөлөө аж. Энэ багш олон чиглэлээр анхдагч, сонгодог урлагт танигдсан эмэгтэй. ЗХУ-ын анхны эмэгтэй клавесинист, харж цээжлэх чадвартайгаар алдартай. И.С.Бахын бүх зохиолыг тоглодог, Скрябинч төгөлдөр хуурч ажээ. Д.Шостаковичийн II концертын анхлан тоглогч, Ф.Шопен, Шимановский нарын уран бүтээлийн бүх төрлийг тоглосон багш. Ер нь тэрбээр нийт 1000 зохиол тоглосон гэж хөгжим судлалд бичигдсэн алдартан. Москвагийн уугуул “ясны” хөгжимчин энэ багш нь хоёр жилийн өмнө өөд болохдоо орон сууцаа шавь нартаа гэрээсэлж үлдээсэн юм билээ. Өдгөө түүний шавь нар нь багшийндаа болзож, уран бүтээлийн тухай ярьж, орон гүрэн дамжиж явахдаа бууж, мордож байдаг.

С.Саянцэцэг өнөө “Багшийнхаа эрдмийг өөрийн болгоё гэвэл багшийнхаа дотор ор. Амжилтынх нь нууц хаана байна гэдгийг мэдсэн бол сайн тоглооч болдог” хэмээн туулсан амьдрал, олж авсан туршлагадаа тулгуурлан шавь нартаа сургаж сууна.

Хөгжмийн нэрт зохиолч Ч.Сангидорж агсан бол Баянхонгор аймгийн Богд сумын уугуул. Тэр нутагт эрчүүд болгон Санги нэртэй гэсэн явган яриа ч байдаг. Тийм ч болохоор Богдынхон аатай, омогтой уран бүтээлчээ хэлэхэд амар гэж тэр юм болов уу, Санги л гэдэг байв.

Нутаг нугадаа төдийгүй Монгол даяар алдар нь түгсэн хөгжмийн зохиолч Сангийн охин төгөлдөр хуурч Саяа алсын хараатай аавынхаа захиасыг мянгантаа биелүүлж, амьдрал уран бүтээлийнх нь үргэлжлэл болон, улсынхаа сонгодог урлагт хүч нэмэх хөгжимчин шавь нар олныг сурган хүмүүжүүлж явна.

Р.Оюунжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)