Л.Насанцэнгэл: Хэдэн сая хар тамхичинтай хоёр хөршийн дунд байгаа нь том эрсдэл

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Л. Насанцэнгэлтэй хар тамхины хор хөнөөлийн талаар ярилцлаа.

-Хар тамхины хэрэглээ өндөр, үүнийг дагаад хамгийн өргөн цар хүрээтэй тэмцэж буй АНУ-д та ажиллаад ирсэн байсан. Ямар зорилгоор явсан бэ?

-Дэлхий дахинд өнгөрсөн зуунаас эхлэн хүмүүс мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс ихэсч, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл улам ихээр гарах болсон. Одоогийн байдлаар дэлхий дээр мансууруулах бодис хэрэглэгч 234 сая хүн байгаагаас ихэнх нь каннабис хэрэглэдэг. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны тайланд Америк болон Баруун Европын улс орнуудад каннабисийн, Алс болон Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн улс орнуудад амфетамин, синтетик төрлийн хар тамхины хэрэглээ, үйлдвэрлэл ихээр нэмэгдэж, зах зээл өргөжиж байгаа талаар дурдсан байсан.

Монгол Улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсон. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны удирдлагаар улс бүхэн мансуурлын асуудалд анхааран, олон үйл ажиллагаа явуулж байна. Манай улс 2005 онд дамжуулан өнгөрөгч орон байсан бол НҮБ-ын 2014 оны тайланд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч орон болсон. Иймээс мансууралтай тэмцэх үйл ажиллагаанд илүү анхааран, бусад улс орнуудаас сайн туршлагыг нь авч хэрэгжүүлэх нь манай улсад чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд би Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны сонголтоор АНУ-ын Төрийн Департаментаас хэрэгжүүлдэг “Хар тамхинд донтогчид болон опиодын хямралтай тэмцэх” олон улсын удирдагч нарын хөтөлбөрт хамрагдсан. Сургалтанд суухаас гадна Вашингтон, Клебеленд, Албукерку, Санте Фэ, Чикаго зэрэг таван хотын хар тамхи болон мансууралтай тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллагуудаар орлоо.

-АНУ-д хар тамхины хэрэглээ ямар байна вэ. Энэ хороос болж жилд хичнээн хүн амиа алдаж байна вэ?

-АНУ-д өнгөрсөн жил 70 мянга гаруй хүн мансуурах эм бодисын дозоо хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан. Энэ нь нэг өдөрт 192 хүн нас барж байна гэсэн үг. Нас баралтын шалтгааны 68 хувь нь опиод, геройноос шалтгаалсан байгаа юм. Гэхдээ АНУ-д мансуурах эм бодисын дозоо хэтрүүлсэн эсвэл амиа хорлосон гэсэн шалтгааныг тогтоох боломжгүй гэсэн судалгаа гарсан юм билээ. Нийгэмд үзүүлэх хор хохирлын тухайд гэмт хэрэг, хүчирхийллийг гааруулах зэргээр мөнгөн дүнгээр илэрхийлэхийн аргагүй асар их хөнөөл тарьж байна. Хар тамхинд донтсоноор ухаан санаагаа эзэмдүүлж, улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирох, мансуурахын төлөө юуч хийхээс буцахгүй байх, гэр бүл үр хүүхэд нь энэ бүхний хоморгонд хохирч үлдэж байгаа хэдэн мянган жишээ тус улсад байна. Ялангуяа, манайх шиг цөөн хүн амтай оронд хар тамхины хэрэглээ гаарвал улс орныг сүйрүүлж мэднэ. Манайх мансууруулах эм бодис хэрэглэгчдийн тоогоор анхаарал татсан хоёр улсын дунд оршиж байгаа нь эрсдэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна. БНХАУ-д жилд хар тамхитай холбоотой 770 мянга гаруй гэмт хэрэгт 910 мянган хүн холбогдож, 50 сая гаруй хэрэглэгч байдаг гэсэн судалгаа бий. ОХУ-д 1.5-3 сая судсаар хар тамхи хэрэглэгч байгаагийн 83 хувь нь ХДХВ-ийн халдвартай байна. Манай улсад хар тамхи хэрэглэгчдийн албан ёсны судалгааны дүн одоогоор байхгүй байна. Монгол Улсад мансууруулах бодисын хэрэглээний талаар тоо, мэдээлэл хангалтгүй, хүн амын дундах ойлголт, мэдээлэл бага байна.

-Тус улс, ер нь дэлхий нийт хар тамхины хэрэглээтэй хэрхэн тэмцэж байна вэ. Манай улс хаана нь явна вэ?

-Дэлхий дээр нийт 560 гаруй төрлийн мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодис байхад эмийн эмчилгээний хувьд зөвхөн ганц опиатын үед хордлого тайлахаар налтрексон, налаксоныг, тун бууруулах орлуулах эмчилгээ болох метадон, бупренорпин зэрэг эмүүдийг өндөр хөгжилтэй орнууд хэрэглэж байна. Үүнийг манай улс нэвтрүүлэх шаардлагатай. Үүнээс гадна орлуулах эмчилгээ болох метадон (диаморфин)-доо ахин нэмж донтох асуудал үүссээр байна. Ийм учраас опиатын дозыг хэтрүүлснээс болж амьсгалын хурц дутагдлаар нас барахаас сэргийлж, ийм донтолттой хүмүүст үнэгүйгээр Nalox­one 4mg бүхий “Narcon хэмээх хамрын цацлагатай яаралтай тусламжийн багц” - аар байнга хангадаг болжээ. Үүнийг манайх нэвтрүүлмээр байна.

Ер нь мансууруулах болон сэтгэц идэвхит эм, бодисын донтолтыг бүрэн эмчлэх эм өнөөдрийн байдлаар дэлхийд байхгүй. Иймд сэтгэл зүйн сургалтыг л үндсэн эмчилгээ гэж үздэг. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баталгаажуулсан хөтөлбөрөөр эмчилгээг явуулах ёстой байдаг. Баталгаажуулсан цөөхөн хөтөлбөрийн хамгийн гол хөтөлбөр нь манай улсад хэрэгжүүлж байгаа мансуурлын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн “Коломбо цогц хөтөлбөр” юм. Иймээс энэ хөтөлбөрийг боловсрол, нийгэм хамгааллын салбарт мөн хэрэгжүүлэх шаардлагатай гэж хардаг. Өөрөөр хэлбэл, бүх түвшинд хамтын ажиллагаа хамгийн чухал.

АНУ болон дэлхийн бусад улс орнуудад мансуурал, нас баралтыг бууруулахын тулд гэр бүл, нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээг чухалчилж байна. Мөн сүүлийн 15 жилд муж, хороо бүрийн нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтнууд сургууль дээр нь очоод мансуурлын эсрэг ойлголт өгч, хичээл заасан чинь асуудал нь бүр дордсон, үр дүн гараагүй гэж үзэж байгаа юм байна. Энэ асуудал дээр одоо ч маргаантай хэвээр байна. 2017 оны Үндэсний судалгаагаар сургуулийн хүүхдүүд нь тамхинаас илүү марихуан хэрэглээд, сүүлийн нэг сард 30 хувь нь архи уусан, 20 хувь нь марихуан хэрэглэсэн, 10 хувь нь тамхи татсан, 14 хувь нь жоргүйгээр эм хэрэглэсэн судалгаанууд гарчээ. Иймээс гэр бүлийн төлөвшил, хүүхдийн зан үйл, чөлөөт цагаа өнгөрөөхөд анхаарах нь ганц зөв зам гэж үзэж байна. Зөв зан үйл төлөвшсөн эсэхийг тестүүдээр тодорхойлоод зан үйлийн зөв төлөвшлийг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн, хүүхэд том хүнийг сонсдоггүй, хүүхэд хүүхдийнхээ үгэнд илүү их ордог. Тиймээс эцэг эхчүүд үүн дээр илүү их анхаарах ёстой гэж харагдаж байгаа. Урьдчилан сэргийлэхэд гол нь гэр бүл, сургууль, ажлын газар болон хамт олон, орчны нөлөө чухал. Өрхийн эмч, хүүхдийн эмчийг илүү мэргэшүүлэх шаардлагатай байна. Шийдвэр гаргагчдын мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах, хүүхдэд наснаас нь хамаарч сургалт явуулах, фокус бүлэг дээр төвлөрч ажиллах, хүүхдийн хөгжил дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх нь их чухал гэсэн дүгнэлтүүдэд хүрчээ. Тухайлбал, “Surviv­ing Our Ultimate Loss” гэдэг ТББ–ыг хүүгээ алдсан аав байгуулаад дандаа хүүхдээ алдсан эцэг, эхчүүд энэ байгууллагын үйл ажиллагааг хамтран явуулж байгаа юм байна. Бүх нас барсан хүүхдийнхээ инээсэн маш гоё, том зургуудыг том ханын эвхдэг самбар дээр эгнүүлэн дүүртэл нь байрлуулж, “Та нартаа хайртай. Үргэлж дурсаж санах болно” гэж бичсэн байсан. Ийм сонин ч гаргадаг юм билээ. Энэ мэтээр чиглэл тус бүрээр ажиллаж байна.

Манай өсвөр насныхан болон залуучууд өөр дээрээ энэ төрлийн эм, бодисыг хэрэглэж туршихгүй байх, донтох эмгэг үүсдэггүй хүн гэж байдаггүй гэдгийг сайн ухаарах, донтсон хүн энэ эмгэгээсээ салахад маш хэцүү, сүүлдээ бүх эрхтэн нь гэмтэн өвчилж, цаашдаа амьдрах боломжгүй болдог гэдгийг илүү ойлгох хэрэгтэй юм. Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ илүү анхаарал тавих, хүүхдэдээ энэ талын ойлголтыг шаардлагатай бол өгөх, хүүхдээ зорилготой байлгах, зөв төлөвшилтэй байлгахад илүү анхаарах хэрэгтэй байна. Хүүхдүүд хэрэггүй зүйлийн өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаг, чөлөөт цагаа зөв зорилготой өнгөрүүлж байх хэрэгтэй юм.

Г.Бaт

Эx сурвaлж: Өдрийн сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)