Дотоодын аяллын компаниудын шинэ жилийн захиалга дүүрчээ

Москва хотод таван өдөр, дөрвөн шөнийн аялал нэг хүний 3.4 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг учраас аяллын туршид гарах зардал мөн өндөр гэсэн үг

Монголчууд шинэ жил, Цагаан сараар гэр бүлээрээ гадаадад аялах нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тэр тусмаа шинэ оныг дулаан оронд угтах нь олширсон. Тухайлбал, Тайланд, Вьетнам, Сингапур зэрэг оронд манай улсын иргэд хамгийн ихээр зорчиж байна. Тайланд, Вьетнам руу залуус голдуу аялах нь эрс нэмэгдсэн бөгөөд өртөг зардлын хувьд ч бусад оронтой харьцуулахад хамаагүй хямд.

Вьетнамд гэхэд өглөөний цайтай дэн буудал нэг хоногийн 25 мянган төгрөгийн үнэтэй байна. Тайландад аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн бөгөөд энд уйдах чөлөө лав гарахгүй. Хятадууд болон оросууд хамгийн ихээр тус улсад аялж байна. Өдийд шинэ жилийн уур амьсгалыг илүү мэдрүүлэх аялал яах аргагүй Москва. Хамгийн өндөр үнэтэй аяллын нэгд хойд хөршийн нийслэл багтдаг боловч эрэлт хамгийн их хэвээр.

Аяллын компаниудын 2019 оны бүртгэл хэдийн дууссан бөгөөд ирэх оны аялалдаа захиалга авч эхэлжээ. Өнөөдөр шийдээд маргааш нь аялалд гарах боломжгүй. Тиймээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө аяллын захиалга өгөх, аль улс руу аялахаа урьдчилан сонгосон байх, хаана юу үзэх, ямар хоол идэх, зочид буудал нь хэдэн одтой байхаа хүртэл тодруулах хэрэгтэйг компаниуд зөвлөж байна.

Зуны улиралд гаднын жуулчид Монголд ихээр ирдэг бол өвлийн улиралд манайхаас гадагшаа чиглэсэн аялал хамгийн их байна.

Төв банкны хийсэн судалгаагаар, манай улсын аялагчдын 10 гаруй хувь нь компаниар, үлдсэн нь өөрөө аяллаа зохион байгуулдаг аж. Манай улсын иргэд гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81 хувийг бэлэн мөнгөөр хийдэг байна. Азийн орнуудад аялах нь Европын орнуудтай харьцуулахад хамаагүй хямд бөгөөд валютын ханшийн алдагдал ч тэр хэрээр бага.

Ам.доллар, еврогийн төгрөгтэй харьцах ханш өсөх тусам Европ, Америкт хийх аяллын зардал нэмэгддэг. Өртөг зардал ихтэй ч Москва шинэ жилээр хүн болгоны харааг булаадаг. Шинэ оноо Улаан талбай дээр гаргах нь олон хүний хүсэл, мөрөөдөл. Москва хотод таван өдөр, дөрвөн шөнийн аялал нэг хүний 3.4 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн өртөг өндөртэй хотын нэг учраас аяллын туршид гарах зардал мөн өндөр гэсэн үг.

Москвад шинэ оноо гаргахаар төлөвлөсөн бол, тэр тусмаа өөрсдөө аяллаа зохион байгуулахаар шийдвэл нэг сарын өмнө онгоцны билетээ бичүүлэх, очоод байрлах зочид буудлаа ч давхар захиалах нь тэр хэрээр хэмнэлт авчирна. Манайхан цагийг нь тулгаж шийдсэнээр аяллын зардлаа улам нэмдэг талтай.

Улаан талбайтай ойрхон зочид буудал хайх бус ор түрээслэх нь илүү хямд. Хүүхдүүдтэйгээ яваа хүмүүсийн хувьд аяллын компани сонгон үйлчлүүлэх нь элбэг. Харин хосууд компанид хандаж, бэлэн хөтөлбөр авахаас илүү өөрсдөө хаана, юу үзэх, хэрхэн бага зардлаар аялахаа урьтал болгодог.

Манай улс жилд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй. Ингэснээр тэрбум ам.долларын орлого олох тооцоо хүртэл гаргасан. Зуны улиралд гаднын жуулчид Монголд ихээр ирдэг бол өвлийн улиралд манайхаас гадагшаа чиглэсэн аялал хамгийн их байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)