С.Эрдэнэ: 2020 он Монгол Улсын хөгжил дэвшилтийн эргэлтийн цэг болох учиртай

Айлчлан ирж буй шинэ оны мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Бид хуучин оноо үдэхдээ өнгөрсөн бүхнээ үнэлж цэгнэж, алдаа оноогоо дэнсэлдэг. Ирээдүйд хийх ажлаа ч төлөвлөдөг. Энэ утгаараа улиран одож буй 2019 он Ардчилсан намын хувьд, түүний мянга мянган гишүүдийн хувьд ажлаар амьсгалсан өдөр хоногууд байлаа. Бид 2016 оноос эхэлсэн намын шинэчлэлээ тууштай үргэлжлүүлсний үр дүнд гишүүдийнхээ эгнээг 20 гаруй мянгаар тэлж чаджээ.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг төдий чинээ хүн ойлгож, үнэлж, түүнийг хамгаалахын төлөө бидэнтэй зүрх сэтгэл, үзэл бодлоороо нэгджээ. Ялангуяа залуучууд Баруун төвийн Үзэл баримтлал бүхий Ардчилсан намд итгэл үнэмшлээ зориулж, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хуулиар хамгаалсан, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхээ илэрхийллээ.

Монголын ард түмнээс, залуу үеэс үзүүлж байгаа энэхүү итгэлийг бид зүтгэлээр хариулж, намын шинэчлэлээ зогсолтгүй үргэлжлүүлэхийн зэрэгцээ нийгмээ шинэчлэх түүчээ нь болно гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь, 2020 он бол их хариуцлагын жил төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшлийн эргэлтийн цэг болох учиртай билээ. Ийнхүү монголчууд биднийг 70 жил ноёрхсон коммунизмын буулгыг авч хаясны 30 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоо бид амжилт бүтээл дүүрэн уггаж, ирж буй шинэ ондоо Ардчиллын тугийг Монгол орны өнцөг булан бүрт мандуулах ирмүүн хүсэл дүүрэн угтаж байна. Та бүхэн минь шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсье.

УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.62.119)