Владимир Машков: Миний хувьд жүжигчний театр л гол зүйл минь байсаар байх болно

“Матросская тишина“-д Абрам Шварцын дүрд тоглосонд баяр хүргэснээр Владимир Машковтай хийсэн бидний яриа эхлэв.

 Ийм зүйлийн тухай би зөвхөн мөрөөддөг л байлаа, тэгэхдээ бидний өнөөгийн цаг үе дээр биш, харин XIX зуунд хамааруулж гэх юм уу даа. Энэ дүрийг та 1990 онд хэрхэн тоглосон талаар Табаков: – энэ бол техник биш, шавь маань харин өөрийнхөө сэтгэлийн гүнээс гаргаж авсан юм хэмээн өгүүлж байсныг санаж байна. “Газар шороо, хувь тавилан бүгд амьсгалж байгаа газарт урлаг дуусдаг” хэмээсэн Мандельштамыг ч энэ дашрамд санахад зохилтой. Өнөөгийн театрт ийм зүйл байж болно гэдгийг, тэр тусмаа та 20 шахам жил тайзан дээр гараагүй болохоор, би огт төсөөлж байсангүй. Энэ бол үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж чаддаг, сэтгэл хөдлөлтэй, жүжигчний театр л амьд байдаг юм гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна. Өөр нэг зүйл гэвэл цаг хугацааны машин 2001 он руу урагшилж, таны тоглосон “№13” хэмээх жүжгийн өмнөхөн тантай ярилцаж байхдаа би хувийн амжилт өөд тэмүүлэн зүтгэсэн, баруунжсан огт өөр Машковыг харж байсан билээ. Сая харин “Матросская тишина”-д тоглож байгаа таныг хараад би дүр, жүжигчин хоёр бие биедээ шингэж ууссан юм шиг, хүн ингэж өөрчлөгддөг л юм байх даагэж бодлоо. Та үнэхээр ямар нэг зүйлийг дахин эргэцүүлэн бодож, өөрөөр эргэж харсан учраас театрын ачааг өөртөө үүрэхээр болсон уу?

Владимир Машков: Би Табаковын студээс, манайхны доод давхрын (подвалын) театраас эхэлж, хамаг байдаг цагаа энд л өнгөрүүлсэн дээ. Түүнд би үнэнч. Дараа нь намайг киноны уран бүтээлийн давалгаа нөмөрч, би хорвоо ертөнцийг үзэж харахыг хүссэн. Гэхдээ Олег Павловичтай би байнгын холбоо харилцаатай байсан л даа. Миний хувьд гол зүйл бол цаг ямагт жүжигчний театр, Станиславскийн хэлсэнчлэн, жүжигчин хүн өөрийн амьд оршихуй, амьд сэтгэл мэдрэмж, агуу үнэн, асар их итгэл үнэмшлийнхээ хамт тайзныхаа эзэн хаан нь байдаг тийм л театр байх болно.

Олег Павлович биднийг орхин одож, асар том гарз хохирол учирсан үед сонголт хийх цаг мөч тохиосон. Нэг бол, яг таны онож хэлснээр, эрх чөлөөтэй, хөндлөнгийн ажиглагч нэгнээр, эсвэл Табаковын хэлснээр, “ачааг мөрлөж”, миний хувьд үл таних нөхцөл байдал руу алхах хэрэгтэй болсон. Би зах хязгааргүй далай тэнгист хөвж өгсөн дөө. Бурхны авралаар бид одоохондоо бага багаар урагшилж л байна! Өнөөдөр энд миний ажилласан 599 дэх өдөр, бараг өнгөрүүлсэн өдөр хоног болгоныхоо тухай би тус тусад нь өгүүлж болно шүү. Бид ажил үйлийг үргэлжлүүлсээр л байгаа.

-Театрын хийгээд хүн ёсны талаасаа ч “Табаковын дэг сургууль” хэмээн нэрлэж болохоор тийм зүйл байдаг болов уу?

Владимир Машков: Энэ санаа баттай хэрэгжсэний нотолгоо бол есдүгээр анги дүүргэсэн гоц авьяастай хүүхдийг элсүүлж авдаг Олег Табаковын сургууль юм. Тийм хүүхдүүдийг бид нийт улс орон даяар эрэн хайдаг бөгөөд тэд Москва хотын бүрэн хангамжинд амьдардаг. Бидний зорилт бол түүний үндэс суурийг нь тавьсан бүхнийг үргэлжлүүлэх, ажлын арга барилыг нь судлах явдал. “Би жүжигчдийг найруулагчийн театрыг сөргөж эсэргүүцдэг болгон сургахыг хүсч байна” хэмээн Олег Павлович хэлдэг байсан юм. Энэ үг “Өөрийнхөө авьяасыг жүжигчнээс өөр хэн ч илүү сайн мэдэхгүй” гэж хэлсэн Станиславскийн үгийг улам баталгаажуулж байгаа хэрэг юм. Хиймэл биш, зүрх сэтгэлээсээ амилуулж тоглодог, халгиж цалгисан их эрч хүчтэй, мэдлэг оюунтай, хамтарч ажиллах сэтгэл хүсэлтэй жүжигчингүйгээр найруулагчийн ямар ч мундаг эрэл хайгуул баталгаатай хэрэгжиж чадахгүй. Табаковын шавь нарын хувьд энэ бол абсолют аксиом гэсэн үг.

-Табаковын сургууль хэд хэдэн төгсөлт гаргасан ч тэднээс олон ангит цуврал кино зэргээр од болон гялалзаж, түмэн олонд сүрхий танигдсан хүүхэд байгаа эсэхийг би лав санахгүй юм. Албан ёсоор энэ бол коллеж, гэхдээ үнэн хэрэгтээ дээд боловсрол олж авдаг биз дээ. Төгсөгчид тэгээд дараа нь ГИТИС-д (Оросын театрын урлагийн улсын дээд сургуульэлсэж орох уу гэсэн хоёр дахь асуултаа тавья.

Жилийн өмнө Табаковын театрын орон тоонд багтаан Ангелина Пахомова, Паша Чернышев, Владислав Миллер хэмээх гурван залууг би шууд ажилд авсан юм. Тэд манай театрт маш сайн ажиллаж, олон арван дүрд тоглож байгаа. Ажилд авахдаа би тэдгээр залуусын ажиллах чадвар, авьяас билэгт найдсан бөгөөд тэд ч үүнийг нотолж байгаа.

Жүжигчин бэлтгэх мэргэжлийн дунд боловсролын тогтолцоо гэдэг бол сонсоход хүртэл надад нэг л таалагддаггүй юм. Энэ сургуульд ажиллахаар ирмэгцээ би шууд л өөрчлөлт хийхээр ажиллаж эхэлсэн. 20 нас хүрсэн, мэргэжлийн хувьд ажилд шууд гарахад бэлэн жүжигчдийг бид бэлтгэж гаргадаг, эртхэн залуудаа амжилт олно гэдэг жүжигчний хувьд маш чухал, Табаков ч мөн адил ингэж хэлж ярьдаг байсан. Есдүгээр анги дүүргэсэн хүүхдүүдийг оюутнаар элсүүлж, дөрөв биш таван жил сургаад дээд боловсролын диплом олгох ийм тогтолцоо боломжтой гэдгийг би нотлохыг зорьж хичээж байна. Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар ч бий, мэргэжлийн яамдад бичиг баримт боловсруулах ажил хийгдэж байгаа. Бидний элсэлт авсан энэ дамжаа (курс) дээд боловсролын сургалтын байгууллагыг жинхэнэ ёсоор дүүргэж гарна гэдэгт би итгэж найдаж байна.

“Матросская тишина” бол эмгэнэлт, “Байцаагч түшмэл” бол инээдмийн жүжиг, тэгэхээр таны зохиож байгаа урын сан тэнцвэрийг хангажээ, харин тайзан дээр таны гарахгүй одоо найруулан тавьж байгаа жүжиг …

“Зочид буудалд өнгөрүүлсэн шөнө” хэмээх жүжгийн зохиолч Терри Жонсон өөрөө “харьцангуйн инээдмийн жүжиг” хэмээн зохиолынхоо төрлийг (жанр) тодорхойлсон юм билээ. Мэрилин Монро болон түүний нөхөр бейсболчин Ди Мажио, Альберт Эйнштейн, сенатч Маккарти нарын уулзах боломжийн тухай түүхийг өгүүлдэг юм. Энэ жүжгийг Орос улсад анх удаа найруулан тавьж байгаа, манай жүжигчид түүнийг судалж өөрийн болгож байна. Тухайлбал, Оля Красько, Михаил Хомяков, Сергей Угрюмов, мөн манай эртний хамтран зүтгэгч, энэ театрыг үндэслэгчдийн нэг, манай багш, Москвагийн уран сайхны театрын (МХТ) жүжигчин Авангард Леонтьев нар юм. Найруулагчийн хувьд миний зорилт бол Жонсоны нарийн төвөгтэй үг хэллэг бүхий эх зохиолыг амьдруулж чадах жүжигчнийг энэ бүх үүх түүхийн гол төвд нь гаргаж тавих явдал.

олливудэд та оросын жүжигчний дэг сургуулийг төлөөлж байсан, энд харин Холливудын элч болж байна. Сургалтын үйл явц болон тайзан дээр чухам юуг нутагшуулахыг та хүсдэг вэ?

 –“Ногоон гацуурхан” гэж юу болохыг янз бүрийн соёлд өөр өөрөөр төсөөлдөг болохыг аваад үзсэн ч дэлхий нийтийн хэмжээний театрын дэг сургууль гэж байж болохгүй л дээ. Бид бол агуу их оросын театрын соёлыг тээгчид. Гэхдээ орос, америкийн, ер нь аливаа жүжигчний оршихуйн оргил цэг бол чи өөрийнхөө дотоодод бусдыг олж хардаг байх явдал.

Сургалтын үйл явцад юуг нутагшуулах тухайд… Хувийн туршлагаасаа бодож үзэхэд ер нь жүжигчин хүнд хэрэг болох бүгдийг л оруулах хэрэгтэй байх. Жишээлбэл, хөгжмийн зэмсэг эзэмших. Үүнээс гадна бас манай сургуульд туялзуур сэлэмний өргөтгөсөн дамжаа хичээллэдэг. Оюутнууд бүжиг, дуулаачийн эрдэмд суралцдаг. Жүжигчний ажлын үндэс бол анхаарал, тийм учраас гар хуруугаар илбэдэх арга барилын хичээл оруулсан. Мөн түүнчлэн бас нэг содон хичээл бол амбидекстр буюу баруун, зүүн тархийг жигд ажиллуулах хичээл юм. Жүжигчин хүний баруун, зүүн гарын ур чадвар адилхан байх учиртай.

-Та тэгээд үүнийг хаана сурсан бэ?

Аав маань солгой байсан юм. Хүүхэлдэйн театрт ажиллаж байхдаа тэр баруун зүүн гараараа жигд нэгэн зэрэг ажилладаг байсан. Миний хувьд энэ бол төрмөл мэдлэг ухаан юм болохоор ач тусыг нь би байнга ойлгодог.

-Таны оролцож тоглосон шинэ кино гарах болов уу?

Кинонд тоглох зориудын цаг зав надад байгаагүй, гэхдээ нэг амралтын өдөр гарсан юм байна. Тэр өдөр би Жванецкийн өгүүллэгүүдээр хийж байгаа телевизийн шинэ киноны зураг авалт дээр Сергей Владимирович Урсуляктай хамт тун аятайхан өнгөрүүлсэн. Жижигхэн хэсэг дээр би тоглосон, харин цаашдаа киноныхонтой илүү нягт хамтарч ажиллах боломж одоогоор алга байна.

Олег Павлович кинонд зураг авахуулах цаг зав гаргадаг л байсан даа …

Табаков бол хосгүй хүн. Гэхдээ ийм хүнд ачааллыг даахын тулд тэр 29 насандаа зүрхний шигдээс болж байсан шүү дээ. Би бол замынхаа дөнгөж эхэнд байна. Шигдээс хүртмээргүй байна.

-Хүн бүрийн амьдралд хувь тавиланг нь тодорхойлсон ямар нэг гол үйл явдал байдаг. Танд тиймэрхүү үйл явдал тохиосон уу?

Миний гол үйл явдал урд минь бий хэмээн Булгаковын бичсэнээс илүү хэлэх юм алга даа.

-Одоо л би таныг 2001 оныхоор чинь мэдэрч байна.

Би тэгж их өөрчлөгдсөн гэж үү.

-Бусад хүн таны хувьд хавьгүй илүү чухал болжээ гэсэн мэдрэмж одоо надад төрж байна. Та “Матросская тишина”-гийн Абрам Шварцтай үнэхээр адилхан байна шүү.

Энэ бол уйтгар гунигаар үржсэн мэдлэг. Жүжигчин хүн бол томоор авч үзвэл болж бүтэхгүй юмаар дүүргэсэн хайрцаг (чемодан) юм шүү дээ. Амьдралд тохиолддог гай зовлон бүхэн тайзан дээр амилуулах түлш болж өгдөг юм.

Алексей Филиппов. Российская газета – Неделя № 288(8046)

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: Polit.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)