"Гэртээ ганцаараа-2" киног гаргахдаа Трамптай үзэгдлийг хасчээ

Жил бүр шинэ жилийн баярын өдрүүдэд дэлхийн олон оронд Америкийн "Гэртээ ганцаараа" киног гаргадаг. Энэ жил Канадын СВС телевиз "Гэртээ ганцаараа-2" киног гаргахдаа Дональд Трампын оролцон тоглосон үзэгдлийг хасчээ.

Энэ талаар олон хэвлэл мэдээлсэн бөгөөд Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой таагүй харилцаатайн улмаас дээрх үзэгдлийг хассан байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байв.

Харин энэ мэдээлэл гарсны дараа СВС сувгийн төлөөлөгч Чак Томпсон мэдэгдэл хийсэн бөгөөд Трамптай үзэгдлийг таван жилийн өмнө буюу Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болохоос өмнө хассан гэж онцолжээ.

"Телевизээр кино гаргахад түгээмэл гардаг тохиолдлуудын жишгээр л "Гэртээ ганцаараа-2" киног эфирийн цагт тааруулан бага зэрэг танасан. Дональд Трамптай үзэгдэл болон киноны санаатай шууд холбоогүй зарим үзэгдлүүдийг хассан" хэмээн СВС-ийн төлөөлөгч мэдэгдээд ингэснээр киноны дундуурх сурталчилгаа дамжуулах цагаа нэмэгдүүлсэн хэмээн онцолсон байна.

1992 онд бүтээгдсэн "Гэртээ ганцаараа-2" кинонд Трамп өөрийнхөө дүрийг бүтээдэг. Тэрбээр зочид буудалд төөрсөн хүүд гарц зааж өгөх бөгөөд энэ үзэгдэл 10 орчим секунд үргэлжилдэг юм.

Эx сурвaлж: Shuud.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)