Эрүүл мэндийн салбарт 158.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 80 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Тэгвэл энэхүү тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Ёслолд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн орлогч  Деклан Магий оролцож,  80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт нэгдсэн эмнэлэг барьж  зургаан суманд эрүүл мэндийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар болжээ. 

Гарын үсэг зурах ёслолын дараа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн орлогч  Деклан Магий  үг хэлсэн. Тэрбээр "Эрүүл мэндийн сайд, хатагтай Д.Сарангэрэл, Сангийн сайд, ноён Ч.Хүрэлбаатар, энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид оо. Миний бие энэхүү хариуцлагатай төслийн хэлэлцээрт Азийн хөгжлийн банкийг төлөөлж гарын үсэг зурж байгаадаа баяртай байна.  Улаанбаатар хотын зарим гэр хороолол, хөдөө орон нутгийн 280 мянган иргэнд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэх зорилго бүхий энэхүү 80 ам.долларын зээл болон буцалтгүй тусламж нь эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох Засгийн газрын бодлогыг дэмжих юм.

Азийн хөгжлийн банк 1993 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарын найдвартай түнш байсаар ирсэн бөгөөд нийт 132.55 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна.  Өнөөдөр гарын үсэг зурж буй энэхүү төсөл нь 158.38 сая ам.долларын санхүүжилттай.  Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд хийх ажлуудын эхний үе шатны төсөл бөгөөд Азийн хөгжлийн банк Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг урт хугацаанд дэмжих ажиллахыг зорьж буйн илэрхийлэл болж байна. 

Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт шинэ нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулна. Ховд, Увс аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг өргөжүүлж, улсын түргэн тусламжийн төвийг шинэчлэн сайжруулна. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд 6 сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Мөн Улаанбаатар хотод 10 өрхийн эмнэлэг байгуулах юм.  Эцэст нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон Эрүүл мэндийн яамны хамт олонд сэтгэл зүрхээ зориулан, нягт хамтран ажилладаг ч маш их баярлалаа" хэмээлээ. 

Түүний дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэллээ. Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын хувьд өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх 158.3 сая ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын тогтолцооны цоо шинэ өөрчлөлтийг хийх боломж бүрдэж байна.  Өөрөөр хэлбэл, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээнд хоёр дахь шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ шингэж өгч байгаагаараа онцлогтой.  Жишиг өрхийн эмнэлгүүдийг бий болгоно. Дундаа эрүүл мэндийн тусламжийн томоохон сервисүүдийг бий болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дижитал рентген аппарат, эхо, зүрхний бичлэг гээд гол гол шинжилгээ, дүрс оношлогооны үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авах боломж бүрдэж байна гэсэн үг. 

Мөн төрөх, гэмтэл, мэс засал гэх мэт гуравдугаар шатанд авдаг эмнэлгийн үйлчилгээг хоёрдугаар шатлалын эмнэлгээс авах боломж бүрдэж байна. Аймаг, дүүргийн эмнэлгээсээ авна гэсэн үг. Түүнээс гадна, яаралтай тусламжийг дэлхийн түвшинд хүргэх төслийг хэрэгжүүлнэ. Түргэн тусламжийн газар дуудлагын төв болоод, осол гэмтэл их гардаг газруудад яаралтай тусламжийн цэгүүд байгуулах. Эдгээр албадуудаа тоноглогдсон түргэн тусламжийн машинаар хангана.  Азийн хөгжлийн банкны төслүүд эрүүл мэндийн салбарт цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог. Барилга байшин, техник технологи, боловсон хүчнийг давхар бэлтгэж өгдөг" хэмээлээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)