П.Эрдэнэбат: Шинэ жилийн үеэр иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож амь насаа алдах эрсдэлтэй байдаг

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхэлжээ. Үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байдаг. цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Шинэ жилийн баярын арга хэмжээг манай улс өргөн тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын хэмжээнд арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл бүрэн хүчээр ажиллана гэсэн үг.

-“Шинэ жил” арга хэмжээний ач холбогдол юу байна?

-Байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнээд, сайн ажилласан ажилтан, албан хаагчдаа урамшуулж шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ үеэр эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох, үл ойлголцох байдлын улмаас бусадтай маргаан үүсгэж, бусдын биед халдах зэрэг тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага “Шинэ жил” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх юм.

-Арга хэмжээний хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-“Шинэ жил” арга хэмжээний хүрээнд тодорхой нутаг дэвсгэрийг хяналтад авах, байгууллага, хамт олны шинэ жил тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулж буй ресторан, баар, цэнгээний газруудын хуваарийг авч, тухайн орчныг эргүүлийн чиглэлд хамруулан, хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 600 гаруй сонсогчийг шинэ жилийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд татан оролцуулж байгаа. Эдгээр сонсогчид цагдаагийн байгууллагын мэргэшсэн боловсон хүчин болж бэлтгэгдэн гарах учраас хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хэмжээний дадал эзэмших эерэг талтай. Энэ үүднээс хэв журам сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож байгаа.

-Шинэ жилийн үеэр гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг вэ. Үүнд юу нөлөөлж вэ?

-Шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсдэг. Үүнээс шалтгаалж осгож амь насаа алдах эрсдэлтэй. Мөн бусадтай зүй бус харилцсаны улмаас үл ойлголцох байдал үүсч бусдын бие махбодод халдах, эрүүл мэндэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэл учруулах, цаашлаад амь насанд нь хүрч болно.

-Иргэд баяраар бингалын гал, салют хэрэглэдэг. Эдгээр зүйлстэй санамсар болгоомжгүй харьцсанаас үүдэж гэмтэх тохиолдол байдаг. Энэ талаар сэрэмжлүүлэхгүй юу?

-Салют, пиротехникийн хэрэгслийг байгууллагын арга хэмжээ, иргэдээс гэр бүлийн хүрээнд авч ашигладаг. Энэ нь өөрөө тусдаа хуулийн зохицуулалттай байдаг. Салют, пиротехникийн хэрэгсэл ашиглан ёслолын буудлага үйлдэхдээ тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас худалдан авч хэрэглэх нь зүйтэй. Гар дээрээс стандартын шаардлага хангасан нь тодорхойгүй салют авч ашигласнаар гар хуруугаа таслуулах зэрэг аюултай байдал үүсдэг эрсдэлтэй.

-Шинэ жилийн баярын үйл ажиллагааны үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалж осгож нас барах тохиолдол байдаг талаар та яриандаа дурдсан. Энэ төрлийн осол аюулаас сэрэмжлүүлээд ард иргэдэд юуг зөвлөх вэ?

-Байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан хэд хэдэн зүйлийг сэрэмжлүүлэг болгож байна.

Шинэ жилийн арга хэмжээний үеэр архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэрэглүүлэх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авах. Цаашлаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарах, хүний амь нас, эрүүл мэндэд аюул үүсэхээс урьдчилан сэргийлж нэгдсэн зохион байгуулалттайгаар ажилчдадаа автобус, унаагаар үйлчлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөн шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалал, теле-хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж ажиллуулах шаардлагатай. Шинэ жилийн арга хэмжээний үеэр сонор сэрэмж алдсанаас хулгайн гэмт хэрэг гарах хандлага их байдаг.

Үүнээс гадна согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулахад насанд хүрээгүй болон хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг тогтоосон дүрэм, журмыг баримталж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөе.

Нэмж иргэдэд анхааруулахад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын болон бусад хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангах нь чухал. Аль болох согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,шинэ жил гэдэг нь гэр бүлийн баяр. Гэр бүлтэйгээ тэмдэглэхийг илүүд үзэхийг зөвлөж байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Эx сурвaлж: Өдрийн сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (54.242.165.255)