2019 оны дэлхийн спортын “Шилдэг 30 гэрэл зураг”-ийн нэгээр Ч.Ганбатын бүтээл шалгарлаа

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ 2019 оны шилдгүүдээ шалгаруулжээ. Шилдэг гэрэл зурагчин, шилдэг дүрс бичлэг, шилдэг спортын гэрэл зурагчин зэрэг номинациар шилдгүүдээ тодруулдаг уг нэр хүндтэй шалгаруулалтын Гэрэл зургийн төрөлд тус холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл 2019 оны спортын шилдэг 30 бүтээлийн нэгээр шалгарлаа. 

Энэ шалгаруулалтад Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шалгуур давсан бүтээлүүдийг хүлээн авсан бөгөөд 125 улсын 1746 гэрэл зураг өрсөлджээ. Босго өндөртэй энэ шалгаруулалтад Ази тивээс Монгол, Хятад, Малайзийн гэрэл зурагчдын бүтээл багтсан байна.

AIPS албан ёсны цахим хуудсаараа энэхүү мэдээллийг зарласан бөгөөд уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт нэгдүгээр сарын 15-ны өдөр болж, шилдэг 9 гэрэл зургийг зарлана. Үүнээс шилдгийн шилдэг гурван зургийг хоёрдугаар сарын 3-ны өдөр Унгарын Будапешт хотод болох 83 дугаар чуулганы үеэр шагнал гардуулах ёслол болно.

Ч.Ганбат өвөл, зуны сүүлийн дөрвөн олимпод гэрэл зурагчнаар ажилласан бөгөөд сүүлийн хоёр олимпод GoGo.mn сайтын албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж байв. Тэрбээр 2020 оны Токиогийн олимпод гэрэл зурагчнаар ажиллахаар мандатаа аваад буй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)