Эрчим хүчний сүлжээнд удирдлагын ухаалаг систем нэвтэрлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн систем WAMS нэвтэрлээ.

Системийн нээлт болон “Ухаалаг Эрчим хүчний жил”-ийн тайлангийн хурал “ИБИС” зочид буудалд өнөөдөр болж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Бид энэ оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан. Дэлхий нийт ухаалаг систем, программ хангамж руу чиглэх болсон. Харин манай салбарын хувьд учир дутагдалтай байсан ч энэ жил томоохон дэвшилт гаргаж чадлаа” хэмээн, түүний нэгэнд WAMS системийг онцоллоо.

 

Тэрээр, “Энэ систем нэвтэрснээрээ эрчим хүчний найдвартай ажиллагаа өснө. Аваарын нөхцөл байдлаа богино хугацаанд, урьдчилан тодорхойлж, системээ үнэлж чаддаг болно. Ийм олон талын давуу талтай программ хангамж байгаа юм” гэдгийг тодотголоо. Системийн төслийн талаар “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн албаны дарга Ч.Амарсанаа цааш нь дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Тэрээр, “Энэ нь ухаалаг, нэгдсэн систем юм. Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик зориулалттай. Эрчим хүчний системд үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэнэ. Энэ талын мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритимчлэгдсэн цогц шийдэл юм. Системийн ажиллагааны хамрах хүрээ, үйлдлийн дараалал, эзлэхүүнийг эрчим хүчний системийн динамик тооцооллоор тодорхойлдог” гэв.

Эрчим хүчний өнөөгийн систем нь цахилгаан механик шилжилтийн горимын үед тогтворжилтыг хэрхэн хангаж байгаа нь тодорхой бус байгаа юм. Тодруулбал, ямар төрлийн шилжилтийн горим, савлалтад тогтворжилтоо алдаж буйг тодорхойлж чадахгүй байгаа. Энэ үед WAMS системийг нэвтрүүлж байгаа нь эрчим хүчний салбарын цаашдын хөгжилд томоохон ахиц дэвшил гарах, өндөр ач холбогдол бүхий ажил болж буйг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

WAMS системийг нэвтрүүлснээр нэгдсэн сүлжээнд болж байгаа шилжилтийн горимыг асар хурдтай бүртгэж 0.02 секунд буюу нэг үеийн дотор 60-100 хэмжилт хийх бололцоотой аж. Ингэснээр нэгдсэн системд болж байгаа бүх үйл явц, үйлдлийг (процессийг) тодорхойлох боломжийг олгож байна.

 

Б.Болд
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)