Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр Г.Батхуяг сонгогджээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ээлжит XIV чуулган амжилттай болж, тус холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын оронд хөгжмийн зохиолч Г.Батхуяг сонгогдсон байна.

Түүнтэй Монгол Улсын ардын жүжигчин Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар өрсөлджээ.

Г.Батхуяг нь Дорноговь аймгийн 10 жилийн сургуульд Хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлж, СУИС-д багш, Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулга, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга, Улсын филорманийн дэд даргаар ажиллаж байсан бол өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт Хэлстийн даргын алба хашиж байгаа юм.

Уг чуулганаар Монголын хөгжмийн ирээдүйн чиг хандлагаас гадна олон улсад гарч байгаа өөрчлөлт, салбарын цаашдын хөгжил гээд олон зүйлд санал солилжээ.

Сонирхуулахад, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нь орчин цагийн хөгжмийн байгууллагын тулгын чулууг тулж, Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулан анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Эx сурвaлж: MNB.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)