Д.Трамп Их Британийн Ерөнхий сайдыг Цагаан ордонд урьсан гэж мэдээлжээ

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг ирэх онд Цагаан ордонд зочлохыг урьсан талаар Их Британийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.

Их Британид энэ сард явуулсан бүх нийтийн сонгуульд консервативчууд Нийтийн танхимд дийлэнх олонх болсоны дараа Д.Трамп урилга хүргүүллээ гэж “Sunday Times” сонины мэдээнд тэмдэглэжээ. Их Британи Европын Холбооноос /ЕХ/ ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр гарсны дараа АНУ-тай худалдааны шинэ хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм.

“Цагаан ордонд болох уулзалтыг нэгдүгээр сарын дундуур зохион байгуулах боломжтой хэмээн үзэж байгаа боловч албан ёсны товыг хараахан зөвшилцөөгүй байна. Гэсэн хэдий ч талууд 2020 оны эхээр уулзах хүсэлтэй байгаа нь тодорхой юм” гэж “Sunday Times” Цагаан ордонд ойр эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна. Харин Б.Жонсоны ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээг “таамаглал” хэмээн хэлээд, албан ёсны урилгад хариу өгнө гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)