Зулын 25-нд номын авшиг, рашаан утлага хүртээнэ

Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ныг Зулын 25 буюу Богд ламын дүйчэн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн уламжлалтай. XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын “Зулын 25”-ны өдөр маргааш тохиож байгаа юм. Энэ өдөр монголчууд буян үйлдэж, ном хурж, бурхан шүтээндээ зул өргөж, ёс дэгийг сахидаг билээ. Тиймээс энэ өдрийг угтан  ТВ-9 телевизийн хамт олон бурхан шашны байгууллагатай хамтран “Ариун буяны чуулган”-ыг жил бүр  зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд, Зулын 25-ны өдрийг бурханы шашны Самъяа хийдтэй хамтран энэ сарын 21-ний 19:00 цагаас АСА циркт зохион байгуулах гэж байна. Энэ үеэр номын авшиг айлдаж, буян үйлдэж, утлага рашаан хүртээнэ. Иймд сүсэгтэн олон та бүгдийг бурхан номын өргөлд хүрэлцэн ирэхийг урьж байна хэмээн зохион байгуулагчид  нь уламжилсан юм.

Зулын 25 буюу Богд ламын дүйчэн өдрийн тухайд, Их соён гийгүүлэгч хоёрдугаар бурхан  Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд Зонхова 1357 он буюу Алтан унжлагат хэмээх гал тахиа жил мэндэлж Хөврөгч хэмээх шороон гахай жил жанч халсан түүхтэй. Богд лам 63 нас хүрсэн өдрөө буюу 25-нд Сандүйн жүд судар айлдахдаа есдүгээр бүлгийн Жалбийн сарайсү жэвар жүр нь ялгуусны хөвгүүнд мэндлэх болтугай гэсэн үг юм. Энэхүү зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг. Энэ цагаас хойш  жил бүр энэ өдрийг Зулын 25 хэмээн бурханы шашинтай улс орон бүр тэмдэглэж, бурхан шүтээндээ зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг хэмээн билэгддэг. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд, зулын 25 тохиох үед энэ амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг ёс байдаг хэмээн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Идгаачойнзинлин дацангийн багш Д.Дэлгэрдалай онцлов.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (3.134.92.193)