Кристиан Диорын сүсэг

Тэрээр гудамжинд газар хэвтэж байсан таван хошууг авч, тэр өдрөө сайн санаатай тэрбумтантай учрав. Бүх асуудал шийдэгдэж 1946 оны арванхоёрдугаар сарын 16-нд Кристиан Диор Парисын Монтень өргөн чөлөөнд өөрийн загварын ордныг нээжээ.

Загварын ордон болохоосоо өмнө хөдөө аж ахуйн бордооны брэнд байсан “Dior”-ыг түүний аав, хоёр авга ахтай нь үйлдвэрлэж байжээ. Тэд Кристианд овгийн нэрийг бусад зорилгоор ашиглахыг хориглосон байна. Кристианд зорилго байсан ч түүнийгээ хэрэгжүүлэх мөнгө байсангүй.

Харин Парис дахь Их Британийн элчин сайдын яамны орчим таван хошууны хэлбэртэй зүүлт олсны дараа Кристиан даавууны үйлдвэрийн эзэн Марсель Буссактай учирснаар тэрээр мөнгөтэй болжээ. Кристиан Диор энэхүү зүүлтийг бүх насаараа сахиус мэт нандигнан хадгалдаг байв. 1946 онд Буссакийн дэмжлэгтэйгээр Кристиан оёдлын газар нээсэн бөгөөд тэр онд түүний эцэг нас барав. Ингээд түүнд Диор нэрийг ашиглах боломж гарч иржээ.

Кристиан Диор ихээхэн сүсэгтэй нэгэн байжээ. Үзмэрчид байнга очиж, янз бүрийн зүйлсийг сахиус хэмээнэ. Коллекц болгонд нь түүний төрсөн хот Гранвиллийн нэрээр нэрийдсэн хувцас орно. Загварын үзүүлбэр болгон дээр загвар өмсөгчдийн нэг сараана цэцгийн баглаа барьж гарч ирнэ. Харин Кристиан Диорын амьд сахиус нь Орос гаралтай загвар өмсөгч Алла Ильчун байлаа.

Диорыг шүүмжлэл тойрч гарсангүй. Загвар зохион бүтээгчийг хэт үрэлгэн хэмээн ярьдаг байжээ. Нэг энгийн загвартай даашинз оёход 40-72 метр даавуу зарцуулдаг байсан гэнэ. Гэвч Кристиан өөрчлөгдсөнгүй. Өөрчлөгдөхийг хүссэн байж болох ч амжаагүй. Анхны коллекцоо танилцуулснаас хойш 10 жилийн дараа тэрээр 52 насандаа мөнх бусыг үзүүлжээ. Янз бүрийн сахиус нь түүнийг зүрхний шигдээсээс аварч чадаагүй юм.

Я.Болор | Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)