Б.Золжаргал: Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой

  • Уулын спортод эрсдэлийг урьдчилан тооцоолох, аюулгүй ажиллагааг мөрдөх нь нэн тэргүүний асуудал
  • Дэд ерөнхийлөгч болохоор зорьсон минь мөсөнд авиралтын спорттой холбоотой. Спортын энэ төрлөөр манай улсын тамирчид Азидаа тэргүүлдэг. Энэ спортыг олимпод оруулахаар зорьж байна

Зах зээлээ сайн судлаагүйгээс уулын спортын хэрэгсэл ихээр импортлон оруулж ирж эрсдэлд орж байсан энэ бүсгүй өдгөө Олон улсын уулчдын холбоо (UIAA-International Climbing and Mountaineering Federation)-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, уулын спортын хөгжлийн төлөө зүтгэж явна. Бизнесийн салбар дахь бүтэлгүйтэл нь түүнийг энэ спорттой учруулж, нэгэнт холбогдсон спортынхоо сайхныг олж мэдэрснээр олон хүнд хүргэх эрмэлзэлтэй болсон гэдэг. Олон улсын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргалтай ярилцлаа. 

-Та Олон улсын уулчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ нь манай улсад ямар давуу талтай вэ? 
-Энэ хариуцлагатай албан тушаалыг хүлээж аваад нэг сар л болж байна. Монгол хүн энэ албан тушаалд очсоноор уулын спортын дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах, аюулгүй ажиллагаа болон хичээллэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хоцролгүй оролцох, цаашдаа спортын салбарын удирдах түвшинд монголчууд амжилттай ажиллах жим болж өгнө гэж найдаж байна.

Одоогоор Монгол улсын тамирчид өвлийн олимпын аль нэг төрлөөс медаль аваагүй байна. 

Дэд ерөнхийлөгч болохоор зорьсон минь мөсөнд авиралт гэх уулын спортын нэг төрөлтэй холбоотой юм. Спортын энэ төрлөөр манай улсын тамирчид Азидаа тэргүүлдэг. Одоогоор Монгол улсын тамирчид өвлийн олимпын аль нэг төрлөөс медаль аваагүй байна.

Хэрвээ энэ төрөл олимпын хөтөлбөрт орох юм бол тамирчдад маань медаль авах нөөц хангалттай бий. Гэтэл Олон улсын уулчдын холбоо мөсөнд авиралтыг олимпод оруулах тал дээр дорвитой ажиллахгүй байна гэж үзсэн учраас энэ чиглэлд идэвхтэй ажиллаж, мөсөнд авиралтыг олимпын төрөл болгох зорилготой байна. 

-Олон улсын уулчдын холбооны Удирдах зөвлөлийн сонгуульд танаас гадна зургаан эрэгтэй нэр дэвшсэн юм билээ. Таныг эмэгтэй удирдагч гэдэг талаас нь онцлохыг хүсэж байна. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалах, удирдах түвшний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажил бий юу? 
-Манай Олон улсын уулчдын холбооны хувьд энэ чиглэлээр тодорхой бодлого зохицуулалт байдаггүй6 Удирдах зөвлөлд надаас гадна нэг франц эмэгтэй бий. Энэ нь удирдах албан тушаалд хоёр эмэгтэй ажиллаж буй анхны тохиолдол болсон.

Сая болсон Ерөнхий ассамблейн үеэр нийт 120 гаруй зочин ирснээс ердөө тав, зургаа нь нь л эмэгтэй байх жишээтэй. Уулын спортын хувьд ууланд авирагчдын хүйсийн харьцааг авч үзвэл эрэгтэй, эмэгтэй бараг тэнцүү боловч эрсдэлээс сэргийлэх, Олон улсын Олимпын хорооноос тавигдах шаардлагын хүрээнд эмэгтэй тамирчидтай хэрхэн харьцахаас эхлээд удирдлагын түвшинд квот тогтоох гэхчлэн олон ажил хийхээр төлөвлөж байна. 

-Хүмүүс энэ спортыг зөвхөн уулын оргилд гарахаар л төсөөлөөд байх шиг. Гэтэл дотроо их олон төрөл юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 
-Уул байгалийн тогтоцоос хамаараад янз бүрийн гадаргуутай, мөстэй, устай, хадтай гэхчлэн олон шинж чанартай байна. Энэ бүр дээр өөр техникийн дагуу, тодорхой багаж төхөөрөмжийн дагуу авирах шаардлага тулгардаг. Иймээс дотроо Спорт авиралт, мөсөнд авиралт, байгалийн хаданд авиралт гэх мэт төрлүүд тусдаа бие даан хөгжих болсон. Одоо уулын гүйлт гэх шинэ төрөл эрчтэй хөгжиж байна. 

-Сүүлийн жилүүдэд уулын спорт хүчтэй хөгжиж, олимпод ороод байна. Танай холбооны зүгээс тамирчдаа олимпод оролцуулах, чансааг нь ахиулахын төлөө хэрхэн ажиллаж байна? 
-Уулын спортын нэг төрөл болох хиймэл хананд авиралт буюу спорт авиралт 2020 оны Токиогийн олимпоос эхлэн орсон.

Холбооноос барьж буй хиймэл хананы бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхэлнэ. 

Манай улсад спорт авиралтын хатуу дэд бүтэц буюу бэлтгэл хийх стандартын хана, зөөлөн дэд бүтэц буюу дасгалжуулагч, шүүгч, зам тавигч гэх мэргэжлээр бэлтгэгдсэн хүний нөөц байхгүй. Холбооноос барьж буй хиймэл хананы бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхэлнэ.

Яг энэ мөчид Улаанбаатар хотод 3 хоногийн турш спорт авиралтын дасгалжуулагчийн олон улсын сургалт болж байна. Энэхүү сургалтаар урьд нь бид буруу яваад байж, арга барил маань энэ биш байж гэдгийг ойлгож байна даа. /инээв/ Мөн шүүгч, зам тавигчдыг бэлтгэх хэрэгтэй байна. Энэ төрлийг хөгжүүлэх боломж одоо л илүү сайжирч байна. 

-Ямар ч спортод эрсдэл гэж бий. Гэхдээ уулын спорт хамгийн эрсдэлтэй төрлийн нэг. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал болж байсан. Эрсдэлээс сэргийлэх механизм манай улсад хангалттай хэмжээнд байж чаддаг уу. Ийм хэмжээний эрсдэлтэй авиралт хийхэд албан ёсоор бүртгүүлэх, зөвшөөрөл авах механизм, нэгдсэн бодлого бий юу? 
-Уулын спорт бол экстрим төрөл учраас аюулгүй ажиллагааг маш сайн баримтлах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд хүний амь насаар, цусаар бичигдсэн дүрмүүд энэ спортод бий.

Тиймээс манай хийж чадах ажил нь сануулах, зөвлөх, сургалт зохион байгуулах л болоод байна. 

Одоогоор манайд эрсдэлийг бууруулах тал дээр хууль эрх зүйн зохицуулалт алга. Осол гарсны дараа Шадар сайдын үүрэг өгснөөр ажлын хэсэг гарч БОАЖ-ын сайд болон БСШУС-ын сайд нарын хамтарсан тушаалаар “Өндөр уулын бүсэд авирах, аялах журам” баталсан.

Гэвч одоогоор Хууль зүйн яамаар албажиж гарч ирээгүй байна. Тиймээс манай хийж чадах ажил нь сануулах, зөвлөх, сургалт зохион байгуулах л болоод байна.

Энэ журам батлагдсанаар 2500 метрээс дээш өндөртэй оргилд авиралт хийхдээ Монголын Уулчдын Үндэсний холбоонд бүртгүүлэх, авиралт хийх хүмүүст мэргэжлийн уулын хөтөч, багийн ахлагчтай явах шаардлага тавих боломжтой болж, хариуцлагын тогтолцоо бүрдэх юм. 

-Энэ осол танай холбооны олон улс дахь нэр хүнд болон үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлсэн үү?
-Нөлөөлөлгүй яахав. Дэлхийд гуравт орох том осол шүү дээ. Уулын спортод хавтгайран орж, аюулгүй ажиллагааны дүрэм, мэдлэггүйгээр хичээллэдэг хүмүүст том анхааруулга болсон.

Мөн энэ чиглэлээр холбооноос зохион байгуулж буй ажилд хүмүүс идэвхтэй оролцох хандлагатай болсон. Тамирчдыг ар гэрийнхэн нь спортоо орхихыг ятгах, тэмцээн уралдаанд явуулахгүй байх зэрэг асуудал тухайн үед үүсэж байсан ч тэр хүсэл эрмэлзлийг нь хэн ч зогсоож чадаагүй.

-Тухайн үед цасан нурангаас үүдэлтэй гэж дүгнэж байсан. Дүгнэлтэд ямар нэг өөрчлөлт орсон уу? 
-Манайд техникийн хувьд ч тэр, боловсон хүчний хувьд ч тэр тийм хэмжээний ослыг дүгнэх чадамж байхгүй. Аляскийн уулын холбоо, Цасан нурангийг судлах институт зэрэг олон улсын байгууллагуудаас ирсэн дүгнэлтээр цасан нурангаас үүдэлтэй осол гэж дүгнэсэн.

Хориглосноор хэзээ ч асуудлыг шийдэхгүй. Харин тодорхой улиралд зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Энэ байр сууриа бид БОАЖЯ-д удаа дараа илэрхийлсэн. 

Гэхдээ гэнэтийн аюулгүй ажиллагааны дүрэм тодорхой хэмжээнд зөрчигдсөн гэж үздэг. Манай холбооноос үзэж буйгаар тухайн үед Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гаргаж, сонгуулийн шоу хийсэн нь буруу. Энэ тушаал нь албажаагүй байдаг юм.

Гэвч нутгийн иргэд авиралт хийхийг эсэргүүцэж, чулуу шидэх, дайрах үйлдэл гаргаж байсан нь уулчдад бэрхшээл учруулж, цаг агаарын тохиромжгүй нөхцөлд авиралт хийх шалтгаан болсон байх талтай.

Нэг ёсондоо нутгийн иргэд зуслангаасаа буусан, эргэн тойронд нь хүн байхгүй үед боломжийг ашиглаж, хулгайгаар явсан гэсэн үг. Хориглосноор хэзээ ч асуудлыг шийдэхгүй. Харин тодорхой улиралд зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Энэ байр сууриа бид БОАЖЯ-д удаа дараа илэрхийлсэн. 

-Мөнх цаст уулаа хайрлах, байгаль орчноо хамгаалах асуудал тулгамдаад байна. Уулчид байгаль орчинтой хамгийн ойр байдаг хүмүүс. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөө та бүхэнд мэдрэгдэж байна уу? 
-Уулын спорт байгаль орчин хамгаалал болон аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Аялагчид, орон нутгийн иргэдийг соёлжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг кампанит ажлууд хийх шаардлага зайлшгүй тулгарсан.

Алтай Таван богдын мөсөн голын мөс жил бүр таван сантиметраар багасаж байна. Анх олон улсад уулын спорт бол гоё, сайхан гээд л сурталчилдаг байлаа. Гэтэл хүмүүс массаар энэ спортоор хичээллэж эхэлснээр байгаль орчинд хор хохирол учруулах болсон. Хүн байгаа газар сүйрэл явагдаж байдаг шүү дээ.

Байгалийн онгон зэрлэг байдал алдагдаж байгаа учраас олон улсын түвшинд ч уул усаа хайрлах, хариуцлагатай аялах асуудал хурцаар яригдаж байна.

Спорт болон байгаль орчны балансыг тогтвортой барьж, хамгаалах ажил бол бидний хамгийн чухал үүрэг гэдгийг Олон улсын холбоонд орж ажилласнаар улам ухамсарлаж тогтвортой хөгжлийн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Т.Намуунболор

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)