З.Баянсэлэнгэ батлан даалтад гарчээ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2019 оны аравдугаар сарын 21-нд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнгөрөгч Даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргажээ.

Сануулахад, өнгөрөгч сарын 28-ны өдөр З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Улмаар З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаж өмнө нь Улсын Дээд шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.

З.Баянсэлэнгийг Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр  шалгаж буй.  Ингэхдээ З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж буй юм.

Э.Ариун

Эx сурвaлж: News.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.99.222)