Их Британийн парламентын сонгууль өнөөдөр эхэлнэ

Их Британийн бүх нийтийн сонгууль өнөөдөр буюу пүрэв гарагт болно. Тус улс сүүлийн таван жилийн хугацаанд гурван удаа бүх нийтийн сонгууль явуулж байгаа юм.

Их Британийн парламентын доод танхимын 650 суудлын төлөөх энэхүү сонгуулиар эрх баригч Консерватив нам олонхын байр сууриа хадгалж, ирэх нэгдүгээр сард Европын Холбооноос гарах үйл хэргээ баталгаажуулж чадах уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлж буй Консерватив нам “нэгдүгээр сард багтаан Брекситийн асуудлыг парламентын дэмжлэгтэйгээр зохицуулна” гэсэн уриатайгаар кампанит ажлаа өрнүүлж байна. Харин Жереми Корбин тэргүүтэй Хөдөлмөрийн нам “төрийн жолоог авч, ЕХ-той илүү дээр нөхцөлтэй хэлэлцээрийг байгуулж, тэдгээр нөхцөлийн талаар бүх нийтийн санал асуулга явуулна” гэжээ.

Хэрэв Консерватив нам энэ сонгуульд ялбал Борис Жонсоны ЕХ-той байгуулсан гэрээний нөхцөлийг Их Британийн парламент баталж, тус улс ирэх сард ЕХ-ноос гарах магадлалтай байгаа бол Хөдөлмөрийн нам олонх болсон тохиолдолд Брекситийн ирээдүйг бүх нийтийн санал асуулга шийдэх төлөвтэй байна.

Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар Консерватив нам 43 хувь, Хөдөлмөрийн нам 34 хувийн санал авжээ.

Эx сурвaлж: Montsame.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)