Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танаа

Хуулийн төслийн тухай

Монгол улсын засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Тус хуралдаанаар энэхүү хуулийн төсөлд оролцогч талуудын саналыг оруулах, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчидийн саналыг бүрэн тусгаж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.Гэвч энэхүү хуулийн төсөлд, хуульд хамааралтай талуудын саналыг бүрэн тусгалгүй, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, ялангуяа хөдөө орон нутгийн кабелийн телевизүүдийн төлөөллийг оролцуулалгүй, зөвхөн өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн саналыг тусгаж, зөвхөн тэдэнд зориулсан хууль болгон батлуулах гэж байгаа нь дэндүү ёс зүйгүй явдал гэж харагдаж байна.

“Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг санаачлагчид нь дээрх цөөн тооны хувийн телевизийн эрх ашгийн төлөө, тэдний гар хөл болсон этгээдүүдээр дамжуулан төрийн эрх барих дээд байгууллагыг цөөн хэдэн хувийн телевизийн төлөө үйлчилдэг байгууллага болгох гэсэн дэндүү бүдүүлэг хууль гаргуулах гэж байгааг анхааралдаа авна уу? Үүнд:

Төслийн 20 дугаар бүлгийн гарчгийн “Үндэсний” гэснийг “Өргөн” гэж өөрчилснөөр төр нь үндэсний нэвтрүүлэг/контент/ хөгжүүлэх биш зөвхөн өргөн нэвтрүүлгийн тодотголтой хувийн хэдхэн телевизүүдийг хөгжүүлэх сан байгуулах шаардлагатай болсон байна.(22)

Түүнчлэн тус сан нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг бүтээхэд бус хувийн хэдэн телевизийг бүтээл үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдахаар тусгагдсан байна.(21.3)

Цөөхөн хэдэн телевиз нь “Бүх нийтийн үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхгүй” татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ-ийн хэмжээний хувийн хэвшлийн байгууллага болох нь тодорхой байна.(23)

Мөн улсаас авсан санхүүжилтэндээ сэтгэл нь ханахгүйгээр барахгүй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид буюу “Кабелийн телевиз”-ын орлогоос буюу хэрэглэгчдийн төлбөрөөс татваргүйгээр 15 хүртэлх хувийг нь шууд авахаар шунаж байгаа нь тодорхой байна.(24.3)

Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь өөрөө “Үндсэн хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг илт зөрчсөн үйлдэл болно. Учир нь:

Зах зээлийн зарчмаар явж ирсэн телевиз болон тэднийг олон нийтэд хүргэдэг кабелийн телевиз болох хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд төрийн байгууллага орж, хууль нэрээр нэгнийх нь халааснаас мөнгө авч нөгөөд нь өгөх гэж байгаа нь шударга ёс, эрх чөлөө, тэгш байдалд хир нийцтэй вэ?

Учир нь кабелийн телевизүүд тусгай зөвшөөрөл бүхий бүх л телевиз, сувгийн хөтөлбөрийг эрх тэгш байр сууринаас бүгдийг иргэдэд хүртээмжтэй хүргэх үүднээс өөрийн байгуулсан дэд бүтэц, шугам сүлжээгээр дамжуулдаг ба үүнийхээ төлөө телевизүүдээс төлбөр нэхэж байсан удаагүй билээ. Тэр ч бүү хэл, хэрэглэгчдэд телевизийн олон сувгийг хүргэж буй шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, дамжуулах бүсийн тоног төхөөрөмж, салбар төвүүдийн түрээс, холбооны худаг сувагчлалын төлбөр, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж ирсэн ба энэхүү зардал жил бүр өсч байдаг.

Гэтэл энэ хуулиар бид өндөр зардал бүхий шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан телевизийн хөтөлбөрийг айл өрхөд хүргэж өгснийхөө төлөө, тэдгээр цөөн тооны телевизийг санхүүжүүлэхээр 15% хүртэлх орлогоо алдах болоод байна. Харин ч кабелийн телевизүүд нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрийг өөрийн дэд бүтэцээрээ хэрэглэгчдэд хүргэснийхээ төлөө мөнгө авах ёстой юм.

Энэхүү хууль батлагдан гарвал Олон суваг дамжуулагчид буюу Кабелийн телевизүүд төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмэх нь гарцаагүй бөгөөд үүнийг иргэд ард түмэн төлнө гэдгийг тооцож үзсэн үү? Үүний цаана хэрэглэгч олон түмэн хохирно.

Энэ хуулиар дамжуулан хөдөө орон нутгийн кабелийн телевизүүд, орон нутгийн болон жижиг сувгийн телевизүүдийг шууд дампуулахаар шийдсэн юм уу?

Монгол контент, нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэж байгаа 60 орчим суваг телевизийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд тэдний эрхийг ч мөн зөрчиж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?

Хэрэв энэхүү хуулийг салбарын зохицуулалт хийх ёстой ХХЗХ хүртэл оролцон, хүчээр, нэг талын саналаар, эрх тэгш бус байдлаар батлан гаргах гэж байгаа бол Олон суваг дамжуулагчид буюу Кабелийн телевизүүд нь Өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг дамжуулахаас эрс татгалзаж байна.

Учир нь өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг төрийн зүгээс дэмжиж хямд өртөгтэй хэрэглэгчийн төхөөрөмжөөр /settop box/ хүлээн авч үзэх боломжийг аль эрт бий болгосон тул бид өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс бусад кабелийн сувгуудын хөтөлбөрийг, МҮОНРТ хөтөлбөрийн хамт өмнө нь ажиллаж ирсэн зах зээлийн зарчимаараа дамжуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно.

Бид үүгээр дамжуулан “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ Монгол улсад эрх тэгш, шударга ёс тогтоно гэж найдаж байна.

Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)