Германы прокуророос Б.Баттүшиг нарт есөн жилийн хорих ял төлөвлөжээ

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат дугаартай машинаар 70 кг хар тамхи зөөж яваад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт тус улсын Прокурорын зүгээс есөн жилийн ял төлөвлөжээ. Тэднийг шүүх хурал яг одоо Дрезден хотноо үргэлжилж байна.

Германы нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дээд тал нь есөн жилийн хорих ял төлөвлөсөн ч өмгөөлөгчийн зүгээс ялын хугацааг гурван жил болгон бууруулах хүсэлт тавьсан аж.

Өнгөрсөн сард болсон шүүх хуралдааны үеэр Б.Баттүшиг өөрийгөө “Монголын нууц ажилтан” гэж мэдээлсэн нь хэргийг хүндрүүлэх нэг хүчин зүйл болж байгааг Германы хуулийн байгууллагаас мэдээлжээ.

Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн. Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулсан юм.

Цагдаагийн газраас дипломат дугаар уг автомашиныг шалгуулахад ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгүүлээгүй болохыг тогтоосон билээ.  

Б.Болорсүх | Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)