Саудын Араб Оросын иргэдэд аяллын виз олгохыг зөвшөөрчээ

 

 Саудын Араб гадны 49 улсын иргэдэд зориулсан аяллын визийг анх удаа нэвтрүүлэх гэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл, эдгээр орны тоонд Европын 38 улс, Азийн 7 орноос гадна

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеландын иргэд багтаж байгаа аж. Визийг интернетээр юмуу Саудын Арабын 4 олон улсын нисэх онгоцны буудлын аль нэгээс авах боломжтой гэнэ. Виз мэдүүлэх хүсэлтийг 9 дүгээр сарын 28-наас хүлээн авч эхэлсэн байна.

Аяллын визийн хүчинтэй хугацаа 360 өдөр байх бөгөөд жуулчид Саудын Арабыг нэг удаа зорихдоо 90 хоногийн дотор тус улсад байрлах боломжтой аж. Түүнчлэн жилд 180 өдрийн дотор Саудын Арабад байрлах боломжтой гэнэ.   

Эмэгтэй жуулчдын хувьд Саудын Арабад зорчих үедээ Абайя хэмээх уламжлалт өмсгөлийг заавал өмсөх шаардлагагүй бөгөөд энгийн даруу хувцаслахад хангалттай гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд заавал гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний хамтаар Саудын Арабыг зорих шаардлагагүй аж. 

Аяллын виз олгохоор төлөвлөж байгаагаа Саудын Араб 2017 оны сүүлчээр мэдэгджээ. Саяхныг хүртэл Саудын Араб тус улсад ажиллах боломжтой хүмүүс юмуу лалын шашны ариун газруудад мөргөл үйлддэг мусульманчуудыг нэвтрэхийг зөвшөөрдөг байв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)