Богдхан уулаас хууль бусаар буга агнажээ

Монгол улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн тохиолдол нь цөөн мэт боловч улс эх орон, байгаль орчинд учрах хохирлын хэмжээ маш өндөр байдаг ажээ. Энэ төрлийн гэмт хэрэг 2017 онд нийт 50 бүртгэгдсэн нь өмнөх онтой  харьцуулахад 66 хувиар өссөн дүн юм.

Ихэвчлэн иргэд байгалийн ховор ургамал, ан амьтанг аливаа өвчинг эдгээдэг, анагаах увдистай гэх мухар сүсэг, ам дамжсан ярианаас үүдэн хууль бусаар агнах гэмт хэрэг, зөрчил их үйлдэж байдаг аж. Мөн гоёл чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнадаг бөгөөд ан амьтдын яс, бугын эвэр, чих, засаа зэргийг худалдан борлуулах, гадаад улс руу гаргах, өндөр ашиг олох зорилгоор агнадаг байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсан. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад оржээ. Үүнд:  Цөөвөр чоно, Гангар хун, Цоохор  ирвэс, Гургуул, Мазаалай баавгай, Тахь адуу, Хавтгай тэмээ, Цаа буга, Борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд  аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг.

-ГУРВАН ТООНЫ БУГЫГ АГНАЖ, АРЬСЫГ НЬ АВЧ ЯВСАН БАЙЖЭЭ-

Харин саяхан Богдхан уулын Дархан цаазат газраас хууль бусаар ан агнасан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн 11:48 цагт Хан-Уул дүүргийн “Түргэний ам” гэх газарт буга агнасан хэрэг гарсан гэх дуудлага иргэнээс ирсэн аж. Мэдээллийн дагуу хэргийн газарт тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгахад гурван тооны бугыг хууль бусаар агнаж, арьсыг нь өвчиж авч явсан байжээ.

Уг хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг нээсэн бөгөөд харъяаллын дагуу Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгах юм. Дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрдөн шалгаж, эрэн хайж байгаа тухай албаныхан мэдээллэв.

Урьдчилсан байдлаар тухайн хэргийн газраас олдсон гэх гурван тооны бугыг хэзээ агнасан нь тодорхойгүй байгаа аж. Мөн дээрх хууль бусаар агнасан гэх бугануудын нэгийнх нь толгойг тайрч авсан байсан гэх ба үлдсэн хоёрынх нь арьсыг авсан байжээ.

-ХУУЛЬ БУСААР АН АМЬТАН АГНАВАЛ 8 ХҮРТЛЭХ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ-

Эл хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн  хэлтсийн эх сурвалжаас тодруулахад,

-Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Дуудлага мэдээлэл өгсөн иргэн дээрх олдсон бугануудыг арав гаруй хоногийн өмнө харсан гэж хэлсэн. Эхний ээлжинд үнэхээр хууль бус ан байсан эсэхийг тогтооно. Үүний дараа тухайн олдсон буганы сэг зэмийг мэргэжлийн хяналтад хүлээлгэн өгч шинжилгээнд хамруулна. Мөн байгаль орчны яаманд хандаж байгалийн үнэлгээг гаргуулж байж хэргийг мөрдөн шалгана гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хууль бус ан агнаж хүрээлэн буй орчин, байгалийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнээр иргэн та хуулийн өмнө Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Дархан цаазат газарт хууль бусаар ан агнасан үйлдэл бүр Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж хуулиар шийддэг байна. Тухайлбал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн тохиодолд Эрүүгийн хуулийн тусгай ангиад зааснаар 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ гэж заасан. Мөн нэн ховор амьтныг арван мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ хэмээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)