Д.Мандах: МУБИС-д сайн багш, сайн оюутныг урамшуулах олон хөтөлбөр бий

Б.Энхтуул 

Монгол Улсын Боловсролын Их Сургууль улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт олон чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургалтын цөм болсон том сургууль. Тиймээс Монгол Улсын дээд боловсролын чанарын шинэчлэл, тэр дундаа МУБИС-ийн чанарын шинэчлэл, багш оюутны хөгжил, тэтгэлэгт хөтөлбөрүүд гээд тус сургуулийг сонгон суралцах элсэгчдэд зориулсан олон чухал мэдээллийг тодруулахаар МУБИС-ийн захирал Д.Мандахыг урьж, ярилцав.

  ИРЭЭДҮЙН БАГШ НАРЫН 50 ХУВЬ НЬ МУБИС-Т СУРАЛЦАЖ БАЙНА

-Элсэлт, төгсөлт зэрэгцэж буй энэ өдрүүдэд дээд боловсролын хөгжил, бодлогын шинэчлэл, сургалтын чанар гээд олон асуудалд хүмүүс анхаарлаа хандуулдаг. Таны бодлоор Монгол Улсын дээд боловсролын чанарын шинэчлэл хэр үр дүнтэй урагшилж байна вэ?

-Баярлалаа. Цаг үеэ олсон, зөв сэдвээр ярилцаж буйдаа баяртай байна. Ирээдүйд хувь хүний амьдралын чанар нь түүний эзэмшсэн боловсролын чанартай улам бүр хамааралтай болж байгааг хүн бүр ойлгож байгаа учраас чанартай боловсрол эзэмших тухай яриа жил бүрийн хавар, намарт яригдах нь зүйн хэрэг. Манай дийлэнх эцэг эхчүүд, хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо төгсөөд ажиллах ажлын байрны олдоц, эрэлтийг юун түрүүн тооцдог байдал ажиглагддаг. Арга ч үгүй биз. Улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдаатай ажлын байр угаас хомс байгаа байдал нь баталгаатай ажлын байрыг тооцож, мэргэжил сонгоход хүргэдэг байх.

Өнөөдөр ажлын байрны эрэлтийг харгалзаад хувь хувьсгалын их, дээд сургуулиуд янз бүрийн мэргэжил нээж, элсэлт авч байна. Үүний нэг тод жишээ нь өнөөдөр манай улсын 41 их, дээд сургуульд багш бэлтгэж байна. Багш мэргэжлээр суралцаж буй нийт оюутны 50 орчим хувь нь манай сургуульд байна. Үлдсэн 50 хувь нь бусад 41 сургуульд суралцаж байна. Үүний цаана төгсөгчийн чанар муу гэх асуудал, цаашилбал багшийн нэр хүнд, үнэлэмж муу байна гэх олон асуудлын шалтгаан, үр дагавар байна гэж үзэж байгаа юм.

Төрийн өмчийн томоохон сургуулиуд дөрвөн жилийн өмнөөс 10 жилийн дараа хаана хүрэх алсын хараагаа тодорхойлж, их сургуулийнхаа үнэт зүйл, эрхэм зорилгоо шинээр харж, шинэчилсэн хөтөлбөрөөр сургалт явуулж, хөтөлбөрийн чанараа дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх үүднээс хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэж, гадны их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр нээж, багш оюутан солилцож, сургалтын орчин нөхцөл, лаборатори тоног төхөөрөмжөө шинэчилж байгаа байдлаас харахад Монголын дээд боловсролд ахиц гарч байгаа гэж харж байна. 

-МУБИС төрийн өмчийн сургуулийн хувьд олон давуу талтай. Бүрэлдэхүүн найман сургууль, сургалт судалгааны төв, хичээлийн 10 байр гээд. Одоо хэчнээн багш, оюутантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Төрийн өмчийн их сургуулиудад олон давуу тал бий. Тухайлбал, олон улсын болон үндэсний түвшинд тухайн мэргэжлээр хүлээн зөвшөөрөгдсөн профессор багш нар, тэдний арвин туршлага, эрдэм мэдлэгийн түвшин хамгийн том давуу тал болж байна. Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Цаашлаад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, харилцан хамтран ажиллахад улсын их сургууль гэдэг статус, мөн судалгааны лаборатори, номын сан, спорт заал гээд сургалтын орчны давуу тал байна. Тийм ч учраас өнөөдөр их сургуульд элсэн суралцах хүүхдүүдийн маань дийлэнх нь төрийн өмчийн сургуулиудыг сонгож байгаа гэж үздэг.

МУБИС-ийн хувьд, сургалтын орчин, профессор багш нарын эрдэмжилт, судалгааны бүтээл, оюутны тоо, боловсролын үйлчилгээний төрөл хэлбэр тэдгээрийн чанараар багш бэлтгэж буй сургуулиуд дотроо тэргүүлэх байр суурьтай үндэсний хэмжээний томоохон их сургууль болон өргөжин хөгжиж байна.

Өнөөдрийн байдлаар манай сургууль 1000- аад багш ажилтан, 15000 орчим оюутан суралцагч, 800 шахам гадаад оюутантайгаар сургалт, судалгааны ажлыг хэрэгжүүлж буй.

БИД ОЛОН УЛСАД 6, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД 31 ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛНЭ

-Монгол Улсын Засгийн газраас 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд Монгол Улсын дөрвөн их сургуулийг оруулах зорилт тавьсан. МУБИС-ийн хувьд энэ зорилго, зорилтдоо хүрэхийн тулд ямар асуудалд илүү түлхүү анхаарч ажиллаж байна вэ. Мэдээж, багшлах боловсон хүчний чанар, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, судалгааны төвүүдийн тоог нэмэх гээд олон чухал ажил хийгдэж байгаа нь анзаарагддаг. Онцлох ажлуудаасаа дурдвал?

-Азийн шилдэг, дэлхийн шилдэг их сургууль хэмээн эрэмбэ тогтоож байгаа шалгуур үзүүлэлтүүд бий. Эхний ээлжинд энэ шалгууруудыг ядаж хангах, цаашлаад бүх үзүүлэлтээ дээшлүүлж өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, тэгээд Азийн 100 их сургуулийн эгнээнд багтах гээд бодлогын чанартай зорилтууд тодорхойлогдсон. Манай сургуулийн хувьд, багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөх алсын хараа бий. Тэр хүрээндээ зургаан хөтөлбөрийг олон улсад, 31 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлуулах, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор багш оюутны солилцооны хөтөлбөр эрчимжүүлэх, зочин профессор багш нарыг урьж ажиллуулах, олон улсын хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг хийж байна.

Мөн судалгаа шинжилгээний ажлын тоог нэмэгдүүлэх, судалгааны ажлын үр дүнг практик хэрэглээнд оруулах, инноваци бий болгох замаар судалгааны чанарыг дээшлүүлэх зорилгоор тэнхим, судалгааны төвүүдийг дэмжсэн бодлого явуулж байна. Нэг жишээ хэлэхэд л суурь болон хавсрага судалгаа, инновацийн судалгааг дэмжиж, жилд 560.0 сая төгрөг төсөвлөн зарцуулж байна.

Судалгааны төвүүдийг кластер бүтцээр хөгжүүлэх, улмаар боловсролын суурь судалгааны хүрээлэн болгон хөгжүүлэх бодлого үйл ажиллагааг явуулж байна. Бид саяхандаа гэхэд л номын сангийн өргөтгөлийн шинэ барилга, багшийн сургуулийн өргөтгөл, спорт заалыг барилгын хамт өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Мөн Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багшлах дадлагын ажиглалтын хоёр вертиваль лаборатори хүлээн авч, сургалтын орчныг сайжруулах тал дээр ахиц гарган ажиллаж буй. 

-2018 оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хугацаанд багш нараа нэлээд өргөн хүрээнд дэмжиж ажилласан байх. Тийм үү?

-Бид энэ ажлын хүрээнд олон зүйл төлөвлөөд хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал, багшийг хөгжүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах, багш мэргэжлийн өнөөгийн болон хэтийн шаардлагад нийцүүлэн багш нарын сурган заах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, боловсролын болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх мэдлэг, чадварыг олон улсын жишигт хүргэж дээшлүүлэх, их сургуулийн багшийн нийгмийн хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлагыг тодорхойлж, байгууллагын соёлын үндсэн хэсэг болгон хөгжүүлэхэд чиглэсэн “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Мөн энэ хүрээнд МУБИС-ийн багш өөрийн хөгжлөө төлөвлөх, эрэлт хэрэгцээгээ илэрхийлэх, хөгжлийн талаарх мэдээллээ оруулах цахим санг бий болгох, тэнхим бүр багшийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих тэтгэлэг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх гэх мэт олон ажил байгуулж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 250 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй МУБИСийн бүх багш нар, нэмээд Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан салбар, Архангайн багшийн сургуулийн багш нар ороод давхардсан тоогоор 2000 багшид сургалт зохион байгуулж байх жишээтэй. ЕБС-ийн багш нар бас манай сургуулийн багш нар юм. Учир нь тэд манай оюутнуудын багшлах дадлагыг удирдаж байгаа шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн 3000 орчим багшийг багшлах дадлагын удирдагч багшаар сургаж тусгай гэрчилгээ олгоод байгаа. 

ЭЕШ-ИЙН ӨНДӨР ОНООТОЙ ЭЛСЭГЧ ОЛОН ТӨРЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

-2019 онд ЭЕШ өгөх элсэгчдийн тоо 18000 орчим буюу өнгөрсөн оныхоос нэлээд буурсан үзүүлэлттэй явж байгаа. Их, дээд сургуулиудын хувьд өрсөлдөөнтэй жил байх шиг байна. Тиймээс МУБИС-ийн элсэлт, төгсөлтийн талаарх мэдээллүүдийг сонирхьё? 

-Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчийн тоо өмнөх жилийнхээс бараг гурав дахин бага байгаа. Их сургуулиудын элсэлтэд нөлөөлнө. Манай сургуульд ч гэсэн мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Ер нь бол МУБИС элсэлтийнхээ тоог өсгөхгүй байх, цаашид бууруулж, чанарыг эрхэмлэх бодлого барьж байгаа. Ойрын жилүүдэд Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссанаар сургууль цэцэрлэгийн тоог эрс нэмэгдүүлэхтэй холбогдож багшийн эрэлт хэрэгцээ үүсч байна.

Энэ жил гэхэд л 300 бага ангийн багш мөн тийм тооны цэцэрлэгийн багш хэрэгтэй болж байна. Цаашид гурван ээлжийг нэг ээлжид шилжүүлэх, зарим газар 60 хүүхэдтэй хичээллэж байгаа ангиудыг 30 хүргэх бодлого үйл ажиллагааны хүрээнд дахиад ч багш хэрэгтэй болно. 

-МУБИС-т сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хэр хийгдэж байна вэ. Сургууль болгон сайн оюутан, багшаа урамшуулж, төгсөгчдөө чанартай бэлтгэхэд анхаарч байна?

-Хөтөлбөрийн чанарыг үнэлэх, сайжруулах, баталгаажуулах, цаашид үе шаттайгаар үр дүнгийн үнэлгээ хийх дарааллаар хөтөлбөрийн шинэчлэл үргэлжилнэ. Энэ хүрээнд бид өөрсдийн боловсруулсан сургалтын хөтөлбөрт боловсруулалтын түвшний үнэлгээ хийх, хэрэгжилтийг үнэлэх, суралцахуйн үр дүнг үнэлэх улмаар дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоо нэвтрүүлэх зорилготой үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Өөрсдийн үнэлгээнд суурилан үндэсний болон олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэж, өөрсдийн үнэлгээний бодит байдалдаа магадлагаа хийхийг зорьж байгаа. Дээр хэлсэн дээ олон хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийлгэж байгаа гэж. Энэ бүх үйл ажиллагаа төгсөгчийн боловсролын чанарыг эрхэмлэн явуулж байгаа зүйл юм.

-Элсэгчдийнхээ хяналтын тоог яаж тогтоож байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх судалгаануудыг харахад багшлах боловсон хүчин заримдаа дутагдалтай, заримдаа илүүдэлтэй харагдаж байх юм?

-Элсэлтийн тоог тогтоохдоо бид аймаг орон нутгаас санал авдаг. Мөн ажлын байрны эрэлтэй уялдуулж хяналтын тоог тогтоодог. Гэхдээ элссэн болгон төгсөхгүй, төгссөн болгон багшаар ажиллахгүй байгаа эрсдэлийг тооцож тоог тогтоохыг эрмэлздэг. Цаашид хөдөлмөр эрхэлж байгаа болон эрхлээгүй мөн багшаар ажиллахгүй байгаа шалгаан зэргийг жил бүр нарийн тодорхойлдог судалгааг явуулж оюутан элсүүлэх тоог тогтоодог болох ажлыг эхлүүллээ. 

ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 2000 ГАРУЙ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

-Энэ жил элсэгчдийн тоо буурч байгаатай холбогдуулан оюутан элсүүлэх журамд зохих өөрчлөлт оруулах асуудлуудыг салбарын яамнаас тодотгож байсан. МУБИСийн хувьд, ирэх хичээлийн жилд хэдэн оюутан элсүүлэх вэ. Түрүүнд та яриандаа дурдаж байсан. 41 их, дээд сургуульд багш бэлтгэж байна гэж. Элсэгчдэд тавигдах шаардлага, босго оноо зөрүүтэй байдаг уу?

-Элсэлтийн ерөнхий шалгалт нь чанарыг үнэлэх шалгалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоогийн ЭЕШ-ийн даалгаврын тавил нь эрэмбэлэх үндсэн зориулалтай. Тиймээс эндээс боловсролын чанарын талаар дүгнэлт хийх нь өрөөсгөл юм. Бас цааш нь их сургуульд суралцаж байгаа дүн, амжилт нь ЭЕШ-ийн дүнтэй шууд хамааралтай байгаа зүйл ажиглагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 400 гаруй оноотой орж ирсэн хүүхэд маш сайн сурч байх тохиолдол байхад 800 оноо авч элссэн мөртлөө тааруухан сурч байгаа тохиолдол байдаг.

Бид эндээс насан туршдаа ажиллаж хөдөлмөрлөх мэргэжлээ сонгох боломжийг нэг өдрийн шалгалтаар шийдэх нь төгс хувилбар биш юм. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтын арга хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Элсэх боломжид тээг гацаа үүсгэж байгаа зүйлийг нь багасгах нь зүйтэй. Босго оноог төрийн өмчийн, хувийн сургууль гэж ялгаж тогтоож буй байдлыг ч өөрчлөх нь зүйтэй. Ирэх жил бид 2000 гаруй оюутан элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Нийгэм хөгжихийн хэрээр аль ч салбарын мэргэжилтнээс ур чадвар шаардаж байна. Тэр тусмаа багш бэлтгэж буй багш нараас бүр л илүү нарийн арга технологи, заах ур чадвар, судлаач, бүтээлч байдлыг шаардаж буй. Тиймээс та багш нарын сургалтын арга зүйд шинээр нэвтрүүлж байгаа ажлуудаасаа сонирхуулаач?

-Бид боловсролын үндэс суурийг тавилцдаг багш нараа судлаач, бүтээгч, шинээр эрэлхийлэгч, мэргэжилтэн болгох тал дээр бодлогын түвшинд ажиллаж тодорхой үр дүнд хүрсээр байна. Гэхдээ энэ өөрчлөлт биднээс маш их хурдыг шаардсаар байгаа. Хөгжил гэдэг нь өрсөлдөөний замаар явагддаг зүй тогтолтой үйл явц учир хэн түрүүлж сэтгэнэ, хэн өндөр технологи нээнэ, тэр нь зах зээл дээр хүлээн зөвшөөрөгддөг. Боловсролын салбар дахь өрсөлдөөн ч мөн адил. Иймээс бид судалгааны төвүүдийг шинээр нээж ажиллуулаад байна. Тухайлбал, 2018 онд зайн сургалтын төв, фабрикейшн лабораториудыг шинээр байгууллаа.

Мөн тодорхой аргачлалаар хүүхдийн оюун ухааны хөгжлийг оношилдог, зөвлөгөө өгдөг төвүүд манай сургууль дээр байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд энэ төвтэй хамтран ажиллаж, эрт оношилгоо хийлгэн хүүхдээ тохирсон сургалтын арга барилаар хөгжүүлж эхлээд байна. Энэ төв нь оюун ухааны ТанакаБинет сорилыг монгол хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулж, нутагшуулан ажиллаж байгаа юм. 

САЙН БАГШИЙГ 2-5 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

-Төсөл хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр судлаач багш нарын тоо бас нэмэгддэг байх. Багш өөрөө хөгжиж байж, сайн бүтээл, сайн төгсөгч “үйлдвэрлэнэ”. Судалгааны ажилд хэр хөрөнгө зарж байна?

Тэр үнэн. Манай сургуулийн нийт багшлах бүрэлдэхүүний бүтцэд боловсролын докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь 47 хувьтай байгаа. Үүнийг үндэсний бусад их сургуулиудтай харьцуулахад хангалттай түвшинд байна гэж бодож байна. Манай сургууль жил бүр багш нарынхаа судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс судалгааны ажилд олгох санхүүжилтийг нь нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд, дотоодын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн ололтыг нутагшуулахтай уялдуулан 2014 онд зөвхөн өөрийн сургуулийн санхүүжилтээр 16 төслийг санхүүжүүлсэн. 2015 онд 20, 2016 онд 31, 2017 онд 32, 2018 онд 41 болгон нэмэгдүүлж, багш нарын төсөл, хөтөлбөр, бүтээлч саналуудыг дэмжин ажиллаж байна. 

Энэ жил гэхэд л 300 бага ангийн багш мөн тийм тооны цэцэрлэгийн багш хэрэгтэй болж байна. Цаашид гурван ээлжийг нэг ээлжид шилжүүлэх, зарим газар 60 хүүхэдтэй хичээллэж байгаа ангиудыг 30 хүргэх бодлого үйл ажиллагааны хүрээнд дахиад ч багш хэрэгтэй болно.

- Сургуулийн удирдлагын зүгээс бас оюуны бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн гээд ажлын ахицаар нь багш нараа урамшуулж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Олон улсын жишгээр авч үзвэл, аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн судалгааны ажлын чансааг тогтоох, эрэмбэлэхдээ импакт-фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрийн эзлэгдсэн байдал, авсан патентууд зэрэг түлхүүр үзүүлэлтүүдийг нь ашигладаг. МУБИС 2014 оноос Томсон-Ройтерсийн индекстэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн багшийг 2 сая төгрөгөөр шагнан урамшуулж байгаа. 

-Бүтээлийн тоо хэр өсч байна? 

-Өсч байна. 2017 оноос импакт фактортай сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн тоог нэмэгдүүлэх үүднээс тус бүр 20 өгүүлэлд 5 сая төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлээд байгаа нь төрийн их, дээд сургуулиудын хүрээнд шинэлэг ажил болсон.

Танд бас нэгэн мэдээлэл дуулгахад, хэдхэн хоногийн өмнө дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр нь гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагын дэлхий даяар тараагддаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа.

Энэ хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд тараагдаж, их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг юм. 2014 оноос БСШУСЯ-ны санаачилгаар дээд боловсролын сургалт, судалгааны чиглэлээр хэвлэгддэг “Спинглер” компанийн 26 нэр төрлийн 500 орчим сэтгүүлийг МУБИС-ийн багш нар 2020 он хүртэл үнэгүй ашиглах эрхийг авч судалгаа шинжилгээний ажилдаа ашиглахын зэрэгцээ 10 гаруй мэдээллийн санг ашиглаж байна. 2019 онд “Спинглер” компанийн 2018 оны боловсролын багц 500 гаруй номыг худалдан авч багш нарынхаа судалгаа шинжилгээний ажлыг дэмжин ажиллаж байна.

БИД 13 УЛСЫН 86 ИХ, ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАДАГ

-МУБИС одоогоор гадаадын хэдэн их сургуультай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа вэ. Зочин багш хэр их ирж байна?

-Бид гадаадын 13 улсын 86 их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд хамтарсан судалгаа, багш, оюутан солилцоо, сургалтын орчныг төгөлдөржүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сүүлийн үед БНСУ, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Япон улсын их сургуулиудтай сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр эрчимтэй хамтран ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд бид нийт 30 гаруй орны их сургууль, судалгааны байгууллагын 200 гаруй зочин төлөөлөгч хүлээн авч сургуулиа танилцуулахаас гадна хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэлэлцээ хийсэн.

-Ярилцлагынхаа төгсгөлд, оюутан, багш солилцооны хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл дуулгаач. Танай сургуулийг энэ жил оюутныхаа хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллаж байгаа гэж сонссон?

-Энэ жилийг бид “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд оюутны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, бүрэлдэхүүн сургууль бүрт оюутны хөгжлийн жилийн нээлтийг хийж, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Оюутны судалгааг дэмжих төсөл хөтөлбөрүүд нэлээд хэрэгжүүлж байгаа.

Мөн БНХАУ, ОХУ, АНУын томоохон их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр оюутан солилцон суралцуулж байна. Хамгийн сүүлд гэхэд л, математикийн багш, англи хэлний багшаар суралцах оюутан эхний гурван жилд АНУ-ын BLACK HILLS их сургуульд суралцаад үлдсэн хоёр жилд МУБИС-д суралцаад хоёр сургуулийн диплом авах нөхцөлтэй гэрээ хийсэн байх жишээтэй. Үүнийг дагаж багш оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх олон ажил хэрэгжих юм.

                                         Цаг, зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.113.28)