Монгол Улс хүнсний ногооны экспортлогч орон болно

“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв”  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын  “Кориа- Монгол” төвтэй хамтран өнөөдөр загвар аж ахуй сургалтын төвд “Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сэдэвт сургалт зохион байгуулсан юмАрга хэмжээг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, тус яамны ГТБХЗГ-ын дарга Н.Оюунсувд, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн дарга Р.Цогтбаатар нар оролцлоо.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тогтвортой хөгжүүлэн ”Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж сүү, сүүн бүтээгдэхүүн, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах, улмаар эх орондоо тариалж ургуулдаг жимс, жимсгэнийн нэр төрлийг олшруулж ургацын хэмжээг  нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийг  батлан хэрэгжүүлж  буй. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд  ойрын ирээдүйд манай улс  хүнсний ногооны импортыг  халж, экспортлогч орон болох зорилтоо хэрэгжүүлнэ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлт тогтворжиж, хураах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч бидэнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд байсаар байна.  Тухайлбал,  тариалах таримлын нэр төрлийг олшруулах, үр сортын шинэчлэл хийх, үрийн аж ахуйн чадавхыг сайжруулах, байгальд ээлтэй усны хэмнэлттэй усалгааны технологид  тулгуурласан услалтын системийг барьж ашиглах  зэрэг ажлуудыг тодорхой үе шаттайгаар  хийж гүйцэтгэж байна.“Хүнсний ногоо” хөтөлбөрийн үндсэн зорилгын нэг нь шинжлэх ухаанд тулгуурласан мэдлэгийн болон технологийн дэвшлийг үйлдвэрлэлд үр дүнтэй нэвтрүүлэн тариаланч, ногоочдыг шинэ мэдлэг мэдээллээр хангах хэрэгтэй юм.

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын санхүүжилтээр  Кориа-Монгол төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх туршилт судалгааны загвар аж  ахуйг  байгуулан төрөл бүрийн хүнсний ногооны  олон  сортыг тариалан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, талбайн болон танхимын сургалтыг зуны хугацаанд байнга зохион байгуулах зэргээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  тодорхой  бодит ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж байгаа Төв, Сэлэнгэ,  Дархан-Уул аймгийн ногоочдын  дунд зохион байгуулж байгаа талбайн сургалт  юм.   

Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэж монгол түмний зүйр үг бий. Энэ удаагийн талбайн  сургалтаар мэргэжлийн багш нар  хичээл зааж, олон шинэ арга технологийг танилцуулахаас гадна харилцан туршлага, мэдлэгээ солилцож бие биенээсээ суралцах боломж бас гарах юм. Мөн сургалтад  оролцож байгаа ногоочид сурсан зүйлээ өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ,  нутгийнхаа бусад ногоочдод заан сургаж  хамтдаа  хөгжиж  дэвших боломжтой.Сургалтын хүрээнд улаан лооль болон өргөст хэмх тариалах технологи, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, үзүүлэнгийн талбайд мотоблокоор газар хагалж боловсруулах, зарим төрлийн үрслэг суулгах сургалтыг тус тус зохион байгуулав. Сургалтад газар тариалангийн бүс нутгийн  Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын ногоочдын 50 гаруй төлөөлөл оролцож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй төмс, хүнсний ногооны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар мэдээлэлтэй боллоо