Ч.Улаан сайд Унгарын Будапешт хотод айлчлав

Ажлын айлчлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад оролцох зорилготой байв. Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын туслах ерөнхий захирал бөгөөд Европ, Төв Азийн төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Рахманинтай уулзлаа. Ноён Владимир Рахманины зүгээс тус бүс нутагт ХХААБ-ын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын асуудлаар үргэлж дэмжиж ажилладагт талархал илэрхийлэхийн сацуу өөрийн баримталж буй бодлогоо танилцуулж, цаашдын арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Үүнээс гадна айлчлалын үеэр Унгар Улсын Парламентын Монгол-Унгарын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват болон Хөдөө аж ахуйн яам, Гадаад хэрэг, худалдааны яамны удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Уулзалтуудын үеэр Монгол-Унгарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, мал эмнэлгийн чиглэлээр улам гүнзгийрүүлэх, Монгол мэргэжилтнүүдийг тус улсад сургах талаар санал солилцов. Мөн Унгар Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Биокомбинатын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээний талаар тохиролцож ажиллав.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)