АН: Ээлжит бус чуулганаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэхийг хүсч байна

Энэ сарын 18-ны өдрөөс хуралдах ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан  хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлж буйгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, З.Нарантуяа,тус бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.

УИХ-ын ээлжит бус  хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд тус асуудлыг оруулах эрхзүйн боломж УИХ-ын даргад байгаа учраас жагсаалтад оруулах боломжтойг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргав.

Энэхүү мэдэгдэлд: 

“Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд барьцаанд тавьсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлуудаа шийдвэрлэхэд хүч хүрэхгүй, “шүдгүй” гэдгээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёсоо тогтоох хангалттай боломж байгааг дахин сануулахын хамт “Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна” гэх үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулиар ард түмэнд амалсан амлалтаа биелүүлж ажлаа хийхийг шаардаж байна.

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Гэхдээ Ардчилсан намын жирийн гишүүд хорссон популистуудын зодуур биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан нам 1990 оны Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, 3 дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна”гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.227.239.160)