Хөл бөмбөгийн ДАШТ-2022

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

 

2022 оны хөл бөмбөгийн ДАШТ Катарын таван хотод, найман цэнгэлдэх хүрээлэнд 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны хооронд түүхэндээ анх удаа намар, өвлийн улиралд болсон билээ. Хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг тус улс 2010 онд авсан юм. Катарт зуны саруудад дунджаар 50-55 хэмд хүрч халдаг тул тамирчид, хөгжөөн дэмжигчдийн ая тух, эрүүл мэндийг бодолцон уламжлалт зуны хуваариас ийнхүү шилжүүлжээ. Тэмцээний финалд Аргентины шигшээ баг Францын шигшээг торгуулийн цохилтоор хожиж, түүхэндээ гурав дахь удаагаа дэлхийн аварга цомыг өргөсөн юм. Хүрэл медалийг Хорватын шигшээ баг хүртсэн бол Мароккогийн шигшээ баг түүхэн амжилт үзүүлэн дөрөвдүгээр байр эзэлсэн. Мароккогийн шигшээ мөн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк, Арабын анхны баг болсон билээ.

 

Тус тэмцээнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • Энэхүү тэмцээн нь Арабын ертөнцөд, тэр дундаа хаант засаглалтай, хүн амынх нь дийлэнхийг лалын шашинтнууд эзэлдэг улсад зохион байгуулсан анхны ДАШТ болсон.
  • Түүнчлэн 32 орны баг өрсөлдсөн ФИФА-гийн хамгийн сүүлчийн ДАШТ байлаа. 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах орныг сонгохтой холбоотой авлигын томоохон дуулиан дэгдсэн хэдий ч ФИФА тэмцээнийг Катараас өөр улс руу шилжүүлж магадгүй гэх мэдээллийг тухайн үед няцааж байсан юм.
  • Катар улс хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан Ойрх Дорнодын анхны орон болсон. Мөн ДАШТ-ийг Ази тивд (2002 оны БНСУ, Японы тэмцээний дараа) хоёр удаагаа зохион байгуулсан юм. 
  • Катар улс газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоор ДАШТ-ийг хүлээн авсан хамгийн жижиг улс болов. Катар нь 11 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай жижиг орон юм. Урьд нь 1930 оны ДАШТ-ий үеэр Уругвай улс орчим 3.5 сая хүн амтай байсан бол Катар улс 2.6 сая хүн амтайгаар Латин Америкийн тус улсын тогтоосон рекордыг эвджээ.
  • Катар мөн ДАШТ-д урьд нь огт оролцож байгаагүй мөртлөө тэмцээнийг зохион байгуулсан анхны орон болсон. Тус улс 1963 оноос ФИФА-гийн гишүүн болсон цагаас хойш ДАШТ-д оролцох эрх авахын төлөө олон удаа өрсөлдсөн боловч шалгарч чадаагүй. Ийнхүү Катар хэзээ ч ДАШТ-д оролцож үзээгүй атлаа тэмцээнийг хүлээн авсан анхны зохион байгуулагч орон болсон юм.
  • Энэ удаагийн ДАШТ-ий тоглолтууд 8 цэнгэлдэх хүрээлэн болсон нь түүхэн дэх хоёр дахь хамгийн цөөн цэнгэлдэх хүрээлэнд явагдсан ДАШТ болсон юм. 1978 онд Аргентин улс ердөө 6 цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ийг хүлээн авч байжээ. Гэхдээ Катарын бүх 8 цэнгэлдэх хүрээлэн 60 км-ийн радиус дотор байрласан байсан тул түүхэн дэх хамгийн авсаархан ДАШТ болсон. Хөгжөөн дэмжигчид нэг цэнгэлдэхээс нөгөө рүү цаг хагасаас бага хугацаанд очих боломжтой байв. Мөн тэмцээнд сонгогдсон 8 цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн нэгийг нь шинэчлэн засварласан бол долоог нь шинээр барьжээ.
  • Катарт жилийн эцсээр ч халуун байх магадлалтай байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд шинэлэг шийдэл олсон нь ДАШТ-ий түүхэнд анх удаа тоглолтуудыг агааржуулалтын системтэй цэнгэлдэхүүдэд явуулсан явдал юм.
  • Энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.доллар зарцуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй тэмцээн болжээ. Энэ нь 2014 оны ДАШТ-ийг зохион байгуулахад Бразил улсын зарцуулсан мөнгөнөөс даруй 14.6 дахин их дүн юм.
  • Хамгийн залуу тоглогч нь Германы шигшээ багийн довтлогч Юссуфа Мукоко байсан бөгөөд тэрбээр тэмцээн эхлэхийн өмнөх өдөр 18 нас хүрсэн. Хамгийн ахмад тоглогч нь Мексикийн шигшээ багийн 40 настай хаалгач Альфредо Талавера байв.
  • Хамгийн залуу дасгалжуулагч нь Аргентины шигшээ багийн удирдагч Лионель Скалони (44 настай), хамгийн ахмад нь Нидерландын багийг дасгалжуулсан Луи ван Гал (71 настай) байлаа.
  • Хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг нь Гана (дундаж нас 24.7), хамгийн ахмад бүрэлдэхүүнтэй баг нь Ираны шигшээ баг (дундаж нас 28.9) байв.
  • Сенегалын баг ДАШТ-д оролцсон багуудаас бүх тоглогч нь гадаадын лигүүдэд тоглодог цорын ганц баг байв.

Францын довтлогч Килиан Мбаппе 8 гоол хийсэн амжилтаараа тус тэмцээний шилдэг мэргэн буучаар шалгарсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.203)