Samsung хөрөнгө оруулалтаараа чип үйлдвэрлэгчдийг тэргүүлэв

БНСУ-ын “Samsung Electronics” компани 2025 онд үндсэн хөрөнгө болон судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн чиглэлд 90 орчим их наяд вон буюу 59.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 компанийг тэргүүлж байгааг салбарын судалгаа харуулжээ.
Компаниудын зах зээлийн үйл ажиллагааг судалдаг “CEO Score” байгууллагын тайланд мэдээлснээр, Өмнөд Солонгосын технологийн салбарын аварга тус компани өнгөрсөн онд нийт 89.9 их наяд воны хөрөнгө оруулалт хийснээс 52.2 их наяд воныг үндсэн хөрөнгийн зардалд, 37.7 их наяд воныг судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн ажилд тус тус зарцуулсан байна.
Энэ нь жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” компанийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс 69.4 их наяд воноор хол давсан үзүүлэлт юм.
Чипний зах зээлийн уналттай холбоотойгоор 2023 онд ашиг орлого нь огцом буурсан хэдий ч “Samsung Electronics” компани хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлсээр иржээ.
Тус компанийн үйл ажиллагааны ашиг 2023 онд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 84.9 хувиар буурч, 6.57 их наяд вон болж байв. Гэсэн хэдий ч “Samsung” компани тухайн онд 88.9 их наяд вон буюу үйл ажиллагааны ашгаасаа 13 дахин их хэмжээний хөрөнгө оруулжээ.
Хагас дамжуулагчийн зах зээл хямралтай байх үед “Samsung”-ийн хэрэгжүүлсэн энэхүү далайцтай хөрөнгө оруулалтын бодлого нь өнгөрсөн оноос эрчээ авсан салбарын сэргэлтийн бат бөх суурийг тавьсан гэж шинжээчид үзэж байна.
“Асар их хэмжээний тасралтгүй хөрөнгө оруулалт шаарддаг хагас дамжуулагчийн салбарын онцлогийг харгалзан үзвэл, одоогийн өсөлтийн мөчлөгийн үед хэдэн арван их наяд воныг урамшуулал хэлбэрээр тараах болон хуримтлагдсан ашгийг хуваарилахтай холбоотой маргаан нь компаниудад ихээхэн дарамт учруулж болзошгүй” гэж “CEO Score” байгууллагаас анхааруулжээ.
Эх сурвалж: СӨҮЛ /Kyodo/.







