УИХ-ЫН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВ, ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА К.И.КОСАЧЁВ НАРТАЙ УУЛЗАВ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцохоор ОХУ-д ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв нартай ОХУ-ын Төрийн Думын байранд уулзав.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдаад хоёр орны ах дүүгийн уламжлалт найрсаг харилцаа цаг хугацааны уртад улам батжиж, дайны хүнд бэрх цагт манай ард түмнүүд мөр зэрэгцэн тулалдаж хамтын ялалтыг байгуулсан нь өнөөгийн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн бат бөх үндэс суурь болж байгааг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн чухал тулгуур бөгөөд хоёр талын харилцааны салшгүй хэсэг болохыг тэмдэглээд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа идэвхжиж, Хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагаа болон байнгын хороодын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан айлчлалууд тогтмолжиж байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийллээ.

УИХ-ын зүгээс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичгийг соёрхон баталсныг дурдав.

Оросын тал Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахын сацуу Холбооны Хурлын зүгээс Монгол Улсад өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа нотлов.

Мөн “Сибирийн хүч – 2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хоёр улсын хоорондын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх, хоёр нийслэл хооронд шууд нислэгийг үйлдэж эхлэх, Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, анагаахын ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг чиглэлд монголын талтай нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр Москва хотноо хуралдсан Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурав.

Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, УИХ болон ОХУ-ын Төрийн Дум, Холбооны Зөвлөлийн гишүүд, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ-ын ГХЯ-ны холбогдох ажилтнууд оролцов.

Эх сурвалж: aistglobaltv.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.203)