Гадаад худалдааны бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болжээ

Монгол Улс энэ оны эхний 5 сард 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болсон байна.
Үүнээс экспорт 8.5 тэрбум, импорт 4.9 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.6 хувь буюу 3.4 тэрбум, экспорт 56.9 хувь буюу 3.1 тэрбум, импорт 8.1 хувь буюу 367.5 сая, тэнцэл 4.1 дахин буюу 2.7 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Экспорт энэ оны эхний 5 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр баяжмал 2 тэрбум, нүүрс 978.3 сая, боловсруулаагүй, хагас боловсруулсан алт 75.3 сая, хар тугалганы хүдэр баяжмал 30.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин тунгаасан зэс, хайлш 24.8 сая, жоншны хүдэр, баяжмал 10.5 сая, молибдений хүдэр, баяжмал 7.4 сая, адууны мах 3.7 сая ам.доллароор багасжээ.
Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 367.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлшний импорт 250.4 сая, автобензин 88.8 сая, шинэ дугуй 31.4 сая, хар төмөр бүтэц, эд анги 30.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Харин суудлын автомашины импорт 179.6 сая, ачааны автомашин 66.7 сая, ухаалаг гар утас 20 сая ам.доллароор багассан байна.

Экспорт энэ оны тавдугаар сард өмнөх сарынхаас 13.8 хувь буюу 266.3 сая ам.доллароор багассан бол импорт 4.6 хувь буюу 54.9 сая ам.доллароор нэмэгджээ.Нийт экспортын 97.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэл бүрдүүлсэн бол импортын 71.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлжээ. БНХАУ руу гаргасан барааны 41.1 хувийг нүүрс, 48 хувийг зэсийн хүдэр, баяжмал бүрдүүлсэн бол Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувийг боловсруулаагүй, хагас боловсруулсан алт эзэлж байна.
Энэ оны эхний 5 сард нийт экспортод зэсийн хүдэр, баяжмал, алтны эзлэх хувь 49.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23 нэгж хувиар нэмэгджээ. Харин хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний 38.8 хувийг БНХАУ, 29.7 хувийг ОХУ, 8.7 хувийг Япон, 3.7 хувийг БНСУ, 3.3 хувийг АНУ, 2.1 хувийг ХБНГУ эзэлж, нийт импортын 86.3 хувийг бүрдүүлсэн байна.
Оны эхний 5 сарл ОХУ-аас импортолсон барааны 77 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 75.5 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас импортолсон барааны 6 хувийг ачааны авто машин эзэлж байна. Авто бензиний импорт энэ хугацаанд 450 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.2, дизель түлшний импорт 820.3 мянган тонн болж 15.5 хувиар нэмэгдлээ. Мөн хугацаанд хилээр гаргасан бүтээгдэхүүний 58 хувь Гашуунсухайт, 16.2 хувь Замын-Үүд боомтоор дамжсан нь нийт экспортын 74.2 хувийг эзэлжээ.







