Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов

Украин, Оросын талууд олзлогдсон цэргүүдээ ээлжит удаагаа солилцжээ. Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, Улсын хил хамгаалах албанд алба хааж байсан 185 байлдагч, түрүүч, офицер болон нэг энгийн иргэн эх орондоо эргэж ирсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский зургаадугаар сарын 5-ны баасан гарагт мэдэгдсэн байна. 

"Тэд Мариуполь болон "Азовсталь"-д, мөн Донецк, Луганск, Харьков, Херсон, Запорожье, Сумь, Киев, Курскт эх орноо хамгаалж байсан дайчид юм. Тэдний дунд 2024 оноос хойш Оросын олзонд хоригдож байгаад буцаж ирж буй хүмүүс ч бий" гэж В.Зеленский нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна. 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мөн тус улсын 185 цэргийн алба хаагч олзноос суллагдсаныг баталжээ. Оросын цэргүүд одоо Беларусьт байгаа аж. Тус яамны мэдээлснээр, олзлогдсон хүмүүсийг солилцох ажиллагаа Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар, Беларусийн Гомель мужийн "Новая Гута" хилийн боомтод явагдсан байна.

Өмнө нь тавдугаар сарын 6-нд хоёр тал 205:205 гэсэн харьцаагаар олзлогдсон цэргүүдээ солилцжээ. Талууд мөн амь үрэгдсэн цэргүүдийнхээ цогцсуудыг солилцсон байна. Оросын тал Украинд 526 цогцсыг шилжүүлэн өгч, 41 цогцсыг хүлээн авчээ. 

Эх сурвалж: КИЕВ /DW/.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.81)